Меритократ Сингапурын жишиг: Зөвхөн мэдлэг ухаан, авьяас чадвар
Cингапурын тухай цуврал. Санаа сэдэл өгөх ариун зорилготой. Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчдадаа уриалан дуудcaн нь монголчууд биднээр ажил хийлгэж, бид хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж, амьдрал ахуй маань босоосой, сайжраасай, цаашлаад эх орны хөгжилд түлхэц үзүүлээсэй гэсэн утгатай.
Хүрэлсүхийн Засгийн газар 2024 онд тайлангаа тавих болдог, хийсэн бүтээсэн ажлууд гээд маш зузаан том тайлан бичигддэг. Гэтэл энэ олон сайхан шилэн цамхган барилга, ярайсан хорооллууд, төмөр зам, замуудын цаана ядуу гэх 30 хувь, ядуурахад бэлхэн дахиад 20-30 хувь үлдчихвэл ямар гавьяа байгуулсан Засгийн газар гэх вэ хэмээн анхааруулж бичээд байгаа юм. Өмнөх бүх Засгийн газар чинь энэхүү “30%”-ийг үлдээчхээд явчихдаг байсан учраас л дуурсагдах нэргүй алга болчихдог (монголчуудын тархинаас) юм байна.
Энэ удаа манайхны ярьдаг хэлдэг болоод буй, уг нь нэвтрүүлчихвэл нэн чухал, үр ашгаа шууд өгөх, улс орныг маань, тэр дундаа сэхээтнийг маань талцуулахгүй, улс төрийн нам гэж үхэлдүүлэхгүй, эв нэгдлийг хангах учиртай тэр МЕРИТ тогтолцоо (Meritocracy) гэдэг рүү орж ярина.
Хүн төрөлхтний түүхнээ засаглал, эрх барих олон хэлбэр, тогтолцоо байж ирсэн. Бидний сайн мэддэгээр автократ, тоталитари, хунт, тоглоомын, бүгд найрамдах улсын, төржсөн нэг намын, парламентын, теократ, технократ, меритократ, олигархи, анархи, жамахир, ардчилсан гээд жагсаж өгнө. Цааш нь олныг бичиж болно.
Хэрэв Монголын өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага, олон түмний хүсэл, шүүмжлэлийг ажих аваас меритократ нийгмийг л хүсээд байх шиг. Нэгэн ухаантны цөхрөлийн үгс байна:
-Буруу муу бүхэн үргэлжлэх хугацааг уртасгагчид... Хүнийг таних болон томилгооны нүд “сохорсны” үр дүнгүүд... Цэвэрхэн хувцасласан, ихэмсэг “тэнэгүүдээр” байгууллагууд дүүрлээ.
- “...Нэг өтнөөс айх хэрэггүй, тэрний олон авгалдайнуудаас л айж бай! Тэд бүгдээрээ “өт” болно.
- Гадаадын сонгодог дээд сургууль, нутагтаа их дээд сургуулийг төгсөх шиг төгссөн, ухаантай, боловсрол төгс сайхан залуучууд нам бус, башир аргагүй, татах хүчгүйгээс болоод ажилгүй олноороо хохирч явна.
- Оюун ухаан гуйлгачилж явна гэжээ.
“Улс төрийн нам” хэмээх сүргийн тогтолцоонд бүрэн залхаад түүнийг сөргүүлж монголчууд яриад байх шиг. Тэгэхдээ цэгцтэй ярьж байгаа нь бараг алга. Өнөөдөр ярьж байснаа маргааш мартчихдаг буцчихдаг нэг гэм монголчуудад буй.
Тэгэхлээр монголчуудын тэр битүүхэн хүсээд байгаа меритократ нийгмийг нь дор таниулна. “Меритократ” гэдэг нь латин хэлний “meritus” буюу ухаантан, ухаалаг, төгс төгөлдөр, грек хэлний “κράτος” буюу засаг, засаглал гэсэн утгатай үг. Ухаалаг чадварлаг хүмүүсээр удирдлагыг бүрдүүлэх гэсэн санаа. Тэр ухаалаг чадварлагуудын нийгмийн гарал, санхүүгийн чадавх огтын падгүй.
Меритократыг анхлан эртний Хятадад күнзийн гүн ухаанаар нийгэмд хэвшүүлж байжээ. Хожим Европ, Америкт судалгааны эргэлтэд оруулан онолын талаас тайлбарлан, засаглал бүрдүүлэхдээ хэрэглэж байв. 1954 онд Герман-Америкийн эрдэмтэн Х.Арендт “Боловсролын хямрал” хэмээх эссе бичихдээ меритократ нийгмийн чухлыг тэмдэглэсэн ба дараа нь Британийн судлаач М.Янг “Меритократын өсөлт” хэмээх зохиолоороо ирээдүйг зөгнөн бичсэнээр засаглалын энэ хэлбэрийг хүн төрөлхтөн таньсан гэж үздэг. Таньснаар барахгүй хэрэгжүүлсэн нь хэн юм бэ гэх асуулт зайлшгүй дагалдана.
Хятад эртний түүхэндээ энэ тогтолцоог хэрэгжүүлэхээр оролдож, төрд шалгалт өгч алба хашдаг журам тогтоож байсан баримт буй. Урлаг соёл, күнзийн мэдлэг, захиргааны ажлын ур дүйгээрээ жирийн тариачны хөвгүүд шалгалт өгөн тэнцээд хятадын хааны ордонд алба хашиж байжээ. Меритократыг үлэмж хэлбэршүүлсэн улс бол АНУ байж болно. Америкчуудын аль чадалтай, овсгоотой, боловсролтой нь амжилтад хүрдэг нь түүний бэлээхэн жишээ мэт.
Британид олон мэргэжлийг зөвхөн шалгалт өгснөөр нь тооцдог журам бий. Хуульч, эмч болох гэвэл дараалсан шалгалтуудын цаана гарах хэрэгтэй. Баруун Европт ажилчин ангиас дунд анги руу олноороо шилждэг нь ч меритократыг хэрэгжүүлсний үр дүн биз ээ. Зөвхөн мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэлээрээ шалгарсан хүнийг төрийн албанд томилдог уламжлал Баруун Европын орнуудад түгээмэл буй сонгодог жишээ бол интернет, портал сайтуудаар дүүрэн буй ажлын байрны (vacancy) үй түмэн зарууд гээд ойлгочход болно.
Монголын хувьд уламжлалт капиталист орнуудыг жишээ сургамж болгох бус бүс нутагтаа меритократыг төгс төгөлдөр хэрэгжүүлчхээд байгаа Сингапурын жишээнээс суралцмаар санагддаг. Энэ улсын босож ирсэн, хөгжсөн түүх нь ердөө энэ л дээ.
“- Сингапур мөрөөдлийн тухай анх бодож байхдаа би 10 гаран настай хүү байсан. 1952 онд үйлдвэрчний эвлэлд ажилладаг байлаа. Тэр үед миний мөрөөдөл бол яс үндэс, хэл, шашны ялгааг үл харгалзан ардчилсан нийгэм, тэмүүлэлтэй, эрчим хүчтэй, нэгдмэл ард түмэн болох явдал байсан. Яс үндэс, хэл, шашин гэсэн энэ гурван үгийг сонсоход л сэтгэл санааг эзэмдэж, эрүүл ухаанаар хийх ёсгүй байсан зүйлийг хийхэд хүргэдэг байсан үе бий. Иймээс манай нийгмийн үндэс суурь шударга ёс, тэгш эрх юм. Бид аз жаргал, үндэсний цэцэглэн хөгжил, нийгмийн дэвшилд хүрэх ёстой” – энэ улсын хөгжил цэцэглэлтийн эцэг Ли Куан Югийн хүүхэд залуу насны шударга мөрөөдөл ийм байв.
Сингапур бол меритократ нийгэм мөн хэмээн Ли Куан Ю өөрөө хожим удаа дараа, бараг байнга ухуулан хэлдэг байв. Өөрөөр хэлбэл хүнийг чадвараар нь үнэлдэг нийгэм бөгөөд энэ улсад бүх хүн зөвхөн авьяас чадвар, гаргасан хүчин чармайлт, ажлын үр дүнгээрээ төрийн дээд албан тушаалд сонгогддог тэр зарчмыг тэрээр хэвшүүлж өвлүүлсэн ажээ. Эцэг эхийнхээ дэмжлэгээр, эсвэл үүсэл гарлаараа өндөрлөгт хүрнэ гэсэн ойлголт Сингапурт байхгүй. Тийм ойлголтыг эгнэгт халжээ.
Эдүгээ Сингапурт төр, засгийн эрх, удирдах тушаалд уртаашаа 300-хан хүн (хүн ам нь нийт 5.4 сая) ажиллаж байдаг ба хэрэв энэ 300 хүн бүгд нэгэн зэрэг том онгоцонд сууж яваад сүйрвэл Сингапур ч сүйрнэ хэмээн Ли Куан Ю-гийн номлолд бичигджээ. “- Би хамгийн авьяас чадвартай баг бүрдүүлснийхээ төлөө хэзээ уучлалт гуйхгүй. Хэрэв энэ чадварлаг баг байгаагүй бол та нарын хэн нь ч өнөөгийн Сингапурын сайн сайхан амьдралыг эдлэхгүй байх байсан шүү” – Ли Куан Ю-гийн шударга үгс.
Меритократ нийгэм бол Сингапурын амьдралын хэм хэмжээ хэмээн дэлхий нийтээрээ зөвшөөрдөг. Ерөөсөө Сингапурын дүр төрх дэлхийд эерэгээр бүрдсэн бол тэр нь тэр меритократ тогтолцоонд нь байдаг аж. “- Таны аав ээж хэн гэдэг надад сонин биш. Таны амьдралын хэв маяг, хэл ус, шашин шүтлэг ч надад хамаагүй. Өөрийн зан чанартаа тулгуурлан амьдралдаа юу бүтээсэн, нийгэмдээ юу өгсөн нь чухал” – Ли Куан Югийн шударга өчил.
Түүх сөхвөөс Сингапурт меритократ нийгмээ шууд ч байгуулчхаагүй юм билээ. Хөлөө олтол багагүй хугацаа алдаж зарцуулжээ. 1950-1960-аад оны хямралын үеийн туршлага нь гол сургамж болсон байна. Тэр үед Сингапурын нийгэм гэж ямар эмзэг, хэврэг болохыг тэд өөрсдөө олж харжээ. Ганцхан давуу тал байсан нь тэд нэн прагматик хүмүүс, тиймээс үзэл бодлын ялгаагаа хойш нь тавьж, нийтийн эрх ашгийн үүднээс хамтран зүтгэх чадвартай нь харагджээ.
“Хүйтэн дайн” дууссанаас хойших 1990-ээд оны дэлхийн шинэ эрин үе энэ улсад меритократын төлөө дорвитой шинэчлэл хийх бодит боломж олгожээ. Өнгөрсөн 20 гаруй жилд хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэл нь амжилттай хэрэгжсэний үр дүн хэмээн өнөөдөр сингапурчууд бахархан ярьж байна. Тэгэхдээ 20 гаруй жилийн өмнөх тэр реформыг онолын талаас үндэслэн эх орныхоо хөгжлийн загварыг төсөөлсөн нь тэртээх 1970-аад оны эх юм. Тэр үед Ерөнхий сайд Ли Куан Ю энэ улсын амжилттай хөгжих цаашдын замналыг ийнхүү томьёолж байв. Үүнд:
1. Улс төрийн тогтвортой байдал маш чухал.
2. Хүссэн зүйлээ худалдан авах чадвартай, өндөр боловсролтой, дадлага туршлагатай, хөдөлмөрлөх эрмэлзэлтэй хүний нөөц бий болгох нь чухал.
3. Хамгийн орчин үеийн технологитой салбаруудыг хөгжүүлэх чадвар чухал.
4. Цэвэр, ногоон, элбэг дэлбэг Сингапурын амьдралын түвшинг нэмэгдүүлэх чадвар чухал.
5. Хэн нэгэн зүгээр хүрч ирээд бидний бүтээн байгуулсан үнэт зүйлсийг булаан авахаас сэргийлэх чадвартай батлан хамгаалах хүчин чухал гэжээ.
Айхтар оновчтой хэлсэн байгаа биз? Өөрөөр яаж томьёолох байсан юм бол? Ингээд тэрээр төлөвлөлт, гүйцэтгэлийн үндсэн ачаа 300 орчим хүний нуруун дээр тохогдох тухай номлолоо гаргаж иржээ. Тэгэхлээр Сингапур нь бүр 1970 он гэхэд л төр, засгийн эрх, удирдах тушаалд уртаашаа 300 хүн ажиллах ёстой гээд хатуу тогтоочихсон бололтой. Тэр тоо нэмэгдсэнгүй, хасагдсангүй өнөөг хүргэсэн юм шиг төсөөлөл бууж байна. Боловсон хүчний савлагаа огт гараагүй гэсэн үг л дээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, парламентын гишүүд оролцоод “300” шүү дээ.
Энд Ерөнхий сайдыг өмнө нь бичдэг нь тэр улс Ерөнхий сайдын хатуу засаглалтайг илэрхийлж буй хэрэг. Мэдээж 1970 оноос хойш энэ “300” нь хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолд үл нийцэх буюу тодорхой хугацаанд эсэргүүцэлтэй тулгарч байсан байх. Тэгэхдээ энэ “300”-гийнхаа үлэмж хэсгийг ядуу болон дунд давхаргаас гаралтай хүмүүсээс бүрдүүлсэн нь зөрчлийг арилгах нэг арга гэж үзжээ. Мэдээж тэр “300”-гийн төгсгөсөн сургууль, мэргэжил, хэл соёл, шашин заншил өөр өөр.
Үүн дээр нь нөгөөх “Сингапур бол меритократ нийгэм” гэх тамгаа дарчихна. Тэр тамганы дардас дор нийгэм тэр чигтээ орно. Өөрөөр хэлбэл хүнийг чадвараар нь үнэлдэг нийгэм гэдгээ тунхаглачихна. Сингапур хүмүүс бүгд зөвхөн авьяас чадвар, гаргасан хүчин чармайлт, ажлын үр дүнгээрээ төрийн дээд албан тушаалд сонгогдох томилогдох эрхийг авах учраас бие хүний хөгжил гэж гүйцэгдэхээ больжээ. Тэд харилцан уялдаатай, маш сайн зохион байгуулалттай баг болж ажиллах тэр чадавхыг Засгийн газар нь хангаад өгчихнө.
Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой хэмжээнд нь төрийн байгууллагуудыг бэхжүүлжээ. Улс төрийн үзэл санааны зөрүүг харгалзахгүйгээр Засгийн газар, парламентад үе шаттайгаар хамгийн сайн хүмүүсийг сонгон ажиллуулах замаар удирдлагын бүрэлдэхүүнийг залуужуулжээ. Төрийн аппаратад чадвартай, туршлагатай хүмүүсийг татан авчрах бодлогоо одоо ч үргэлжлүүлсээр байна.
Тэгэхдээ бүхнийг ил тодоор хийж иржээ. Сингапурын улс төрчид, парламентын гишүүд, төрийн алба хаагчид, аюулгүй байдал, цагдаагийн ажилтнууд болон тэргүүлэх мэргэжилтнүүдийг тойрсон ямар ч нууц байхгүй аж. Уламжлалт эрх баригч анги давхарга ч байхгүй. Нэгэнтээ төрийн уламжлал гэж байхгүй учраас тэдний удирдан захирах эрх хэмжээ дан ганц чадвар дээр л тулгуурлахаас өөр аргагүй юм.
Судлах ёстой, үлгэр жишээ авмаар бас нэг тогтолцоо бол Сингапурын боловсон хүчний сонгон шалгаруулалт ажээ. Гарамгай чадвартай гэдгээ өөрөө нотолдог тогтолцоо юм. Мэдлэг дадлага туршлага, зан чанар, сайн сайхныг бүтээх чадвар, нийтийн сайн сайхны төлөө удирдлагыг хэрэгжүүлэх чадвар гэдэг нь сонгон шалгаруулалтаар харагддаг гэвэл үнэнд арай ойртохгүй. Эхлээд тэдний өвөр хооронд нийтлэг, ижил үнэт зүйл гэж юу байгааг олж хардаг, тэгээд түүн дээрээ нэгдэх боломжоо тодорхойлдог гэж байна.
Сингапурын залуу үеийнхний хувьд адилхан сургуульд сурч, дараа нь нэг улсын байгууллагад ажиллаж байгаа учир илүү нийтлэг ирээдүйгээ олж хардаг аж. Удирдах албан тушаал, хариуцлагатай ажилд хүмүүсийг сонгохдоо нээлттэй системийн зарчмаар сонгоно. Нээлттэй үнэлэмжээр төрийн үйлчилгээнд (ард түмэндээ үйлчлэх гэдгээр тэгж нэрлэнэ) дэвшүүлнэ, тэгэхдээ нэг орон тоонд өрсөлдөгчдийг гурав ба түүнээс дээш тооны сонгон шалгаруулагч шалгана.
Учир нь олон шалгагчаас хэн нэгэн нь шалгаруулалтад ирж байгаа хүмүүсийн ядаж аль нэгийг нь урьдаас мэддэг байх ёстой гэж үздэг. Авьяас чадвар, түвшин, зан чанарыг таньж мэдэхийн тулд заавал аль нэг нь танил байх ёстой юм шиг.
Меритийг түр орхиод эх орон руугаа татаж авчран ярья. Хүмүүжил-сахилга бат-соёл-ажиллах чадвар гээд дөрвийн дөрвөн ойлголтыг нэг дор, нэг амьсгаагаар, хуулийн хүчээр, мөнгөний дэмжлэгээр монголчуудад хийж өгөхгүй бол болохгүй болсон, бүр оройтсон байна гэж би үздэг. Төвийн сонинууд дахь ажлын их зарууд (бүр өдөр бүр), нийслэлийн гудамжаар шилэн самбарт байрлуулсан ажлын зарууд нэг л зүйлийг хэлж өгөөд байна. Хүн очихгүй байна, тоож шиншлэхгүй байна вэ, ажил хийх хүсэлгүй байнаа гэдгийг л ягштал хэлээд байна. Ажил хийх хүсэлгүй, дургүй, чадваргүй хүн нь хийдэг сэтгэдгээсээ давчихвал манай нийгэм хөмөрч ойчиход тун ойртжээ л гэсэн үг бус уу? – Үргэлжлэл бий.