Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн онцлох заалтууд
Намрын чуулган нэг сарын дараа эхэлнэ. Энэ удаагийн намрын чуулган эхэлмэгц яаралтай батлах шаардлагатай хуулийн төслийн нэг нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд юм.
Виртуал мөнгө гэдэг нь төвлөрсөн удирдлагатай, бүтээгч, хөгжүүлэгчид нь удирддаг, ямар нэг бүлэг, нийгэмлэгийн гишүүдийн дунд ашиглагддаг цахим мөнгө буюу коин юм.
Одоогоор манай улсад Ард коин, IHC гэсэн хоёр коиныг олон нийтэд танилцуулсан. Ард коины арилжаа эхлээд багагүй хугацаа өнгөрсөн бол IHC коины арилжаа ирэх сарын 13-нд эхлэх юм. Коин олон нийтийн анхаарлыг татаж, бүтээгч хөгжүүлэгчид нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл хэмээн сурталчилж байхад нөгөө хэсэг нь мөнгө угаах, хялбар аргаар ашиг олох хэрэгсэл хэмээн шүүмжилдэг. Мөн манай улсад коины дөрвөн цахим бирж хэдийнэ байгуулагдаж, багагүй үнийн дүн бүхий арилжааг хийдэг ч виртуал хөрөнгийн тухай хуулиа батлаагүй байна.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчилхээр тогтсон. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулжээ.
Хуульд “виртуал хөрөнгө” гэж дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг; ”виртуал хөрөнгийн үйлчилгээ” гэж хүн, хуулийн этгээд, гэрээ хэлцэлд оролцогчийн нэрийн өмнөөс, тэдгээрийн захиалгаар, эсхүл тэдгээрт зориулан хийж байгаа виртуал хөрөнгийн үйл ажиллагааг ойлгоно гэж томьёолжээ.
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД:
Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Энэ хуулиар Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө хуулийн этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсруу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Харин виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаан болон Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГУУД:
- Олон улсад нийтлэг ашигладаг, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрсөн технологийг ашигладаг байх;
- Хүсэлт гаргагч болон хүсэлтэд дурдсан үйл ажиллагаатай холбогдох бусад этгээдийн мэдээлэл тодорхой байх;
- Тухайн үйл ажиллагааг явуулах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй байх; Дотоод хяналтын болон мэдээллийг хадгалах системтэй байх;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системтэй байх;
- Өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх;
- Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон бусад шаардлагыг хангасан байх;
- Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага дараах шаардлагыг хангасан байна. (Арилжааны банкуудын удирдлагад тавьдагтай ижил)
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байх;
- Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь тухайн бизнесийн үйл ажиллагааг удирдахад харшлахгүй байх;
- Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын нэг болон хэд хэдэн чиглэлээр мэргэшсэн байх;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийн хэмжээ, түүнд тавих нэмэгдэл шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална. Өөрийн хөрөнгөнд гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө хамаарахгүй.
- Иргэн виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэхийг хориглоно.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргана. Хуулийн шаардлагуудыг хангасан бол зөвшөөрөл олгох юм. Харин одоо энэ салбарыг тусгайлан зохицуулсан ямар ч хуулийн зохицуулалт байхгүй байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн мэдээлэл нийтэд нээлттэй ил тод байна. Бүртгэлд өөрчлөлт орвол тухай бүр мэдээллийг шинэчилнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, арилжаа явуулдаг тул ХК-иудад тавьдаг шаардлагыг ч шинэ хуульд тусгажээ.
МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЭРХТЭЙ:
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулах, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгах;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг бүртгэхээс татгалзах;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хязгаарлах, үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хасах.
- Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийхдээ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрх эдэлж, үүргийг биелүүлнэ.
- Монголбанкны хянан шалгагч виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийхдээ Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан бүрэн эрх эдэлж, үүрэгийг биелүүлнэ.
- Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооноос нэмэлт шаардлага тавьж болно.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гүйлгээ илгээх, хүлээн авах, харилцагч, харилцагчийн хүрээ хязгаар, гүйлгээ хийгдэх гадаад улс орон, эсхүл тодорхой хуулийн этгээд, гадаад улс орноос хөрөнгө оруулалт татах болон бусад үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болно.
- Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ шаардлагатай бол хөндлөнгийн мэргэшсэн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан тохиолдолд эдгээр байгууллагын хүлээн зөвшөөрсөн аудитын үйлчилгээ үзүүлэх этгээдээр аудит хийлгэх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
ВИРТУАЛ ХӨРӨНГӨ ГАРГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцана.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг гүйлгээ, шилжүүлэг хийхэд бүрэн бэлэн байлгана. Бүрэн бэлэн байлгаж чадаагүйгээс үүдэн гарсан хохирлыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний удирдлага, холбогдох этгээд, эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримт, тэдгээрийг нотлох баримт, хууль тогтоомжийн дагуу удирдлагын үйл ажиллагааны талаар бүрдүүлбэл зохих баримт, мэдээ, мэдээлэл болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийн байршлын талаарх дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрт нэвтрэх нууц түлхүүрийг Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гарган өгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даасан, хараат бусаар явуулах нөхцөлөөр хангана.
- Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан баримт, мэдээ, мэдээлэл байхгүй бол энэ тухайгаа холбогдох эрх бүхий этгээд тайлбарын хамт албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
- Монголбанк, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсоож, бүртгэлээс хассан тохиолдолд энэ талаарх мэдээллийг харилцагчдад нэн даруй мэдэгдэнэ.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан үйл ажиллагааг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах, зогсоох, эсхүл бүртгэлээс хасна.
- Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн албан тушаалтан, ажилтан энэ хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхдээ олж авсан мэдээллийн нууцлалыг шууд болон шууд бусаар задруулахыг хориглоно:
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн хооронд байгуулсан гэрээ хэлцэлд дараах нөхцөлийг заавал тусгана: (Дараах заалтууд нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилготой.)
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хүндрэл үүсвэл үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөө;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэлээс хасагдаж, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд авах арга хэмжээ;
- Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, эсхүл Төв банк, эсхүл Засгийн газраас баталгаажаагүй, виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй талаарх мэдээлэл;
- Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийсэнд тооцогдох нөхцөл;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, харилцагчийн эрх, үүрэг;
- Харилцагчийн анхны шаардлагаар түүний виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх, эсхүл виртуал хөрөнгийг шилжүүлэх нөхцөл; (банкуудад мөн энэ шаардлагыг тавьдаг)
- Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэнэ огцом өөрчлөгдөх эрсдэл;
- Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах хохирол, хор уршиг нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл;
- Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл;
- Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх өндөр эрсдэл;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарвал харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох эрсдэл;
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх эрсдэл.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхдээ бусад хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хамтад нь үзүүлэх бол тухайн хуульд заасан зөвшөөрөл авсан байна.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн дансыг тусад нь байршуулж ажиллана.
- Харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн дансан дахь хөрөнгийг харилцагч, эсхүл харилцагчаас эрх олгосон итгэмжлэл бүхий этгээд захиран зарцуулах эрхтэй.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээс бусад зорилгоор харилцагчийн мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулахыг хориглоно.
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ДЭЭРХ ШААРДЛАГУУДЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ...
- Дутагдлыг арилгах талаар албан шаардлага тавьж, сануулга өгөх, хугацаатай үүрэг, даалгавар өгнө.
- Зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг сайжруулах, бэхжүүлэх арга хэмжээ авахыг даалгана.
- Үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөрчлөхийг үүрэг болгоно.
- Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах;
- Үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой үйл ажиллагааг зогсоож, бүртгэлээс хасах.
- Хугацаатай үүрэг, даалгавар, сануулга, шаардлагыг биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
- Шийтгэлийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу нөхөн төлүүлнэ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн онцлох заалтуудыг танилцуулав.
Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон бусад олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан гэв.
Хуулийн төслийг УИХ-ын зургадугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд холбогдох байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Байнгын хорооноос долдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан юм. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ сарын 12-нд болов. Хэлэлцүүлэгт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Дээрх хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрх зүйн орчин бүрдэж, ФАТФ-ын техник хэрэгжилтийг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй юм. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.