Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо
БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголоос нүүрс импортлодог хамгийн том Гашуунсухайт- Ганцмод боомтыг хоёр дахь удаа 14 хоногоор хаах шийдвэр гарсан талаар мэдээлж эхэллээ.
Тухайлбал, Хятадын төрийн мэдээллийн Глобал Таймс агентлагт нэрээ нууцалсан эх сурвалж “Боомтыг хаасан нь үнэн. Монголын талд цар тахлын халдварын тоо хяналтгүй нэмэгдэж байгаагаас болж ийм шийдвэрт хүрсэн. Энэ шийдвэр хоёр талд ноцтой нөлөөлөхгүй гэж найдаж байна” хэмээн ярьжээ.
Дөрөвдүгээр сараас хойш Монголоос нүүрс тээвэрлэдэг нийт 11 жолоочын шинжилгээний хариу эерэг гарсан аж. Тэдний нэг нь найман ч удаа боомтоор нэвтэрсэн гэнэ.
Эх сурвалжийн хэлснээр Гашуунсухайт- Ганцмод боомтоор нүүрс, зэсийн баяжмал импортлодог бөгөөд зэсийн баяжмалын импорт хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Харин нүүрсний импортыг дор хаяж 14 хоногоор хаасан аж.
Монгол Улс өнгөрсөн онд нийт 28.6 сая тонн нүүрс экспортлосон байна. Хятадын гангийн үйлдвэрүүдийн мэдээлснээр түүний 95 гаруй хувийг Хятадын хэрэглэгчид худалдаж авсан гэнэ. Тэгэхдээ нийт экспортын 54 хувь буюу 14.55 сая тонныг Гашуунсухайт- Ганцмод боомтоор тээвэрлэсэн байна.
Салбарын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр Монголын нүүрсийг ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашиглаж, эрчим хүчний салбарт бол Индонез, ОХУ-аас аввсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоох нь Хятадын цахилгаан эрчим хүч хангамжинд нөлөөлөхгүй аж.
Эх сурвалж: GLOBALTIMES SXCOAL