Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй уулзаж хамтран ажиллахаар боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраатай эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл "Өглөөний уулзалт" хийж хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо. Анхны уулзалтаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, барилга, бүтээн байгуулалтын том оврын автомашинуудын зорчих зам, маршрут, цагийн хуваарийн асуудлаар оролцогчид санал солилцон эдгээр асуудлуудыг шат дараатай ярилцан шийдэж явахаар тохиролцлоо.
Тухайлбал Улаанбаатар хотын захиргааны зүгээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ оноос эхлэн хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийхдээ тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн компаниудтай хамтрах, ийнхүү хамтран ажилласан компаниудыг хотын захиргааны зүгээс олон нийтэд сурталчилах ажлуудыг хийх саналтай байгаа юм байна.
Тус уулзалтад ШУТИС-ийн судлаачдаас гадна УБХТ-ын гишүүн Премиум групп, Түмэн шувуут, Премиум конкрет зэрэг 6 компаний удирдлагууд оролцон хотын захиргаатай хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар ярилцлаа. Цаашид хотын өмнө тулгамдаж байгаа тодорхой асуудлуудаар тус бүрчлэн эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, төрийн холбогдох ажилтнуудыг оролцуулсан гурван талт "Өглөөний уулзалт"-ыг тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
УБХТ-ын удахгүй эхлэх гэж байгаа барилга, бүтээн байгуулалтын улирлаас өмнө шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын нэг болох "Том оврын ачааны автомашины зорчих цаг, маршрут"-ын талаар ярилцах саналыг илэрхийлээд байна.
Гишүүд та бүхнийг цаашид тогтмол зохион байгуулагдах энэхүү уулзалтад оролцож, ярилцах асуудлуудынхаа талаар бидэнд саналаа ирүүлэхийг урьж байна.