Дэлхийн банкны дэмжлэгээр 100МВт хүртэл хүчин чадалтай салхин цахилгаан станц барина
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны суурин төлөөлөгч, Дэлхийн банкны Санхүүгийн корпорацын Азийн бүсийн менежер, төслийн зөвлөхүүдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.
Эрчим хүчний яам Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацын техникийн туслалцаатайгаар “Салхины эрчим хүчийг нэмэх төсөл”-ийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр 2021 оноос эхлэн ажиллажээ. “Салхин цахилгаан үүсгүүрийн талбайг сонгон хамтран ажиллах тохиролцооны захидал”-д энэ оны дөрөвдүгээр сарын 22-ний өдөр гарын үсэг зурсан байна.
Салхины нөөц арвинтай газар нутагт төслийг хэрэгжүүлэх зорилгоор Цогт-Цэций, Баруун-Урт, Мандалговь зэрэг байршлуудад “СЭХҮТ” ТӨААТҮГ, Олон улсын санхүүгийн корпорац, олон улсын зөвлөхүүд өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-нд ажиллажээ.
Тэд дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Зөвлөхүүд техник, санхүүгийн болон байгаль орчны нэгдсэн дүн шинжилгээ хийж, шугам сүлжээний интеграц, гео техникийн нөхцөл, логистикийн асуудал, салхины нөөц, байгаль орчны асуудал, нийгмийн болон биологийн олон янз байдал зэрэгт онцлон төвлөрч, тухайн газруудын эрсдэлийг тооцоолон судалжээ.
Зөвлөхүүдийн ажлын тайлан, мэдээллээ Эрчим хүчний сайд, холбогдох ажлын хэсгийн төлөөллүүдэд танилцуулж, харилцан мэдээлэл санал солилцсон аж. Тус техникийн туслалцааны хүрээнд 100МВт хүртэл хүчин чадалтай салхин цахилгаан станц барих боломжтой байршлыг сонгон төслийг хэрэгжүүлнэ. 2024 онд ашиглалтад өгөх боломжтой гэлээ.
Төслийн худалдан авалт, бэлтгэл ажлыг боломжит богино хугацаанд зохион байгуулах, цаашид амжилттай үргэлжлүүлэхэд анхааран ажиллахаар талууд тохиролцсон гэж ЭХЯ-наас мэдээлэв.