Монголбанк: 2022 онд IPO-ийн тоо эрс цөөрч, компаниудын хувьцааны үнэлгээ унаж байна
Эдийн засгийн орчинд тодорхойгүй байдал үргэлжилсэн, “шок” ихтэй үед ирээдүйн прогноз төсөөллүүд алдаа өндөртэй гарах магадлалтайг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн анхаарууллаа. Мөн Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөс ухрахгүй гэж онцолж байна.
2022 онд олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-ийн тоо эрс цөөрч, дотоодын зах зээлд гаргасан хувьцааны ханш 20 хувийн уналттай байгаа юм. Түүнчлэн зарим компани бонд гаргаж цаг хугацаандаа тооцсон санхүүжилтээ татан төвлөрүүлж чадалгүй хугацаагаа сунгаж байгаагаас дүгнэж банкны салбарын IPO хийх асуудалд болгоомжтой хандах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр системийн нөлөө бүхий арилжааны таван банк энэ оны тавдугаар сарын эцэс гэхэд хувьцааныхаа тодорхой хувийг нээлттэй арилжаалж, олон нийтийн хяналтыг бүрдүүлэхээр өөрчлөөд байсан юм. Харин энэхүү хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Эхний ээлжид Голомт, ХААН банк IPO гаргах хүсэлтээ илэрхийлээд байгаа, эдгээр банкнууд хувьцаагаа арилжих боломж хуулиараа нээлттэй байна.
Олон Улсын Валютын Сангаас AQR буюу банкнуудад активын чанарын үнэлгээ хийх зөвлөмж өгсөн юм. Хэдий тийм боловч эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй энэ үед банкны салбарын AQR-ийг хийхэд төвөгтэй, таамаг төсөөллүүд зөрөх магадлалтай байгааг Монголбанкны Ерөнхийлөгч тодотгож байна.