“Оюу толгой” компани Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд 830 тэрбум төгрөг зарцуулна
Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2024” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого зургаан зорилттой. Үүний нэг нь нийслэлийн төвлөрлийг сааруулах юм. Цаашид төсвөө өөрөө бүрдүүлдэг аймаг, сумдыг хот болгоно. Гэхдээ жишиг сум биш жинхэнэ хот байгуулж, нийслэлийн амьдралын чанарыг тэр чигээр нь энд бий болгох нь чухал. Манай улс одоогоор хөгжлийн нэг төвтэй байгааг 4-5 төвтэй болно. Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд бид “Оюу толгой” компанийн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлсэн.
Энэ уурхай дэлхийн томоохон уурхайнуудын нэг болно. Энэ зун Өмнөговь аймагт цахилгаан станцын бүтээн байгуулалт дуусна. Таван жилийн турш “Оюу толгой” компани Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд нийт 50 сая ам.доллар зарцуулна.
Сүүлийн 30 жилд бид төлөвлөгөөгүй явсаар ирлээ. Хэт улс төржиж, популизм ийж ирлээ. Үүний улмаас өнөөдөр Улаанбаатарт маш олон асуудал үүсчихлээ.
Баялгаа ашиглуулж буй аймгуудыг Засгийн газар дэмжинэ. Өмнөговь аймаг зөвхөн уул уурхайд тулгуурлан хөгжихгүй. Галбын говийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Би дахин олон удаа энд ирнэ гэв.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Өмнөговь аймаг орчмын бүс нутаг нь Монгол Улсын орчин цагийн уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын шинэ хөгжлийн эх, үндэсний аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж буй.
Иймд Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, “Оюу толгой” ХХК-ийн санхүүжилтээр боловсруулсан “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” төлөвлөлтийн баримт бичгийг өнөөдөр тус сумын удирдлагуудад танилцуулж, хүлээлгэн өглөө.
Энэхүү төлөвлөгөөний дагуу тус сумыг алсдаа хот болгож хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүнд эхний ээлжид 2025 оныг хүртэл 243.6 тэрбум, 2040 он хүртэл нийт 825.9 тэрбум төгрөгийг зарцуулах юм.