БНСУ, Монгол Улсын бизнес эрхлэгчид олон салбарт хамтран, харилцан ашигтай ажиллах боломжийг нэмэгдүүлнэ
УБХТ-ын хамт олон гишүүн компаниудын гадаад харилцаа, бизнесийн хүрээг тэлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзалт зохион байгуулдаг. Энэ удаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хунтай УБХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд уулзлаа. Уулзалтад Солонгосын талаас Худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Пак Сон Ү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Пак Инжон, Монголын талаас УБХТ-ын Ерөнхийлөгч “Премиум групп”-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд, “Onch& company” компанийн захирал Д.Ончинсүрэн, “Жигүүр гранд” группийн Гүйцэтгэх захирал Б.Халиунаа, Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх "Оюу Толгой" ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Ерөнхий менежер Э.Лхагва, УБХТ-ын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар оролцлоо.
Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хун “Манай хоёр орны харилцааны түүх олон жил биш ч маш эрчимтэй хөгжиж ирсэнд бид бүхэн талархаж, улам олон салбарт, олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулахын төлөө хичээдэг. Өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож маш олон ажил хийх төлөвлөгөөтэй байсан ч дэлхий нийтийг хамарсан ковидын улмаас бүх зүйл цуцлагдсан. Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдлагууд, Монголын эдийн засагт жинтэй хувь нэмрээ оруулдаг компанийн төлөөлөлтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлье. Бид бүгдийн хамтын ажиллагаа улам өргөжиж, бизнес эрхлэгчид хамтран олон бүтээлч ажлыг хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
УБХТ-ын Ерөнхийлөгч “Премиум групп”-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг “Цаг зав гарган хүлээн авч уулзаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Манай танхимын Удирдах зөвлөл болон гишүүдийн дунд БНСУ-ын компаниудтай хамтран ажилладаг цөөнгүй аж ахуйн нэгж бий. УБХТ энэ жил хүний амьдралын гол зүйл болсон хүнсний аюулгүй байдалд анхаарч, энэ чиглэлээр олон ажил хийж эхэлж байна. Сөүл болон БНСУ-ын томоохон хотуудын Худалдааны танхимтай хамтран ажиллах, бизнес эрхлэгчдийн гүүр болох зорилго бидэнд бий. Танхимуудын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан ашигтай ажиллах боломж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
БНСУ-аас 2009 онд Монгол Улсад 100 мянган жуулчин ирсэн нь одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт аж. Аялал жуулчлалын салбараа өргөжүүлж, Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах нь чухал гэдгийг Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх онцлоод Засаг даргын Тамгын газрын зүгээс дэмжиж ажиллах боломжтой гэв. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн анхны уулзалт амжилттай болсон бөгөөд цаашид олон салбарт хамтран ажиллахаар болов.