2006 оны 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж байна
2006 онд үйлдвэрлэсэн, 20 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч 2020 онд гаргажээ. Энэ дагуу 2006 оны 20 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татаж байна.
Учир нь энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэж байна.
Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоосон. Иргэд уг дэвсгэртийг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкууд, Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно.
Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой. Хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй юм.
Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын ахлах эдийн засагч Г.Дуламсүрэн “Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах үндсэн үүрэгтэй. Иймд мөнгөн тэмдэгтийн нөөцийг тухай бүрд нь бүрдүүлдэг. Бид 2017 оноос хойш мөнгөн тэмдэгтийн хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд энэ талаар мэдээлэх ажлыг хийж ирлээ. 2019 онд 20 болон 50 төгрөгийн дэвсгэртүүдэд хамгаалалтын шинэ технологийг сүүлийн үеийн элементээр сайжруулан, гүйлгээнд гаргасан. Манай улсын гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтүүд дунд хуурамч мөнгө бага хэмжээгээр байдаг. Илэрсэн, нийт хуурамч мөнгөний 58 хувь нь хорин мянган төгрөгийн дэвсгэрт байна. Тэр тусмаа 2006 оны хорин мянгатын дэвсгэртүүд байна” гэв.
Ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2006 оны хорин мянгатын дэвсгэртүүд хүчин төгөлдөр бус болно. Иймд иргэд аль нэг банканд хандан, 2006 оны хорин мянгатын дэвсгэртээ ямар нэг саадгүй солиулахыг зөвлөв.
Төв банк хорин мянгатын дэвсгэртийг 2006, 2009, 2013, 2019 онд хэвлүүлж, нөөц бүрдүүлжээ.