Худалдааны салбарын түүхэн бүтээлүүдийг толилууллаа
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд Монголын худалдааны анхны байгууллага болох Ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг байгуулснаар үндэсний худалдааны салбар үүссэн түүхтэй. Тус салбарын 100 жилийн ойд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран түүхэн бүтээлийн танилцуулга, үзэсгэлэнг зохион байгууллаа.
“Монгол Улсын худалдааны салбар 100 жил” хэмээх баримтат киног Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдорж бүтээсэн бөгөөд өчигдөр тус түүхэн киноны нээлтийг хийж, үзэгчдийн хүртээл болгов.
ХУДАЛДААНЫ ТҮҮХИЙН НАРИЙН, НАНДИН МАТЕРИАЛЫГ КИНОНД ОРУУЛСНААРАА ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛСОН
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ
Б.Нагнайдорж “Худалдааны түүх гэдэг Монголын ард түмний асар том түүх учраас энэ киног бүтээхэд багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцууллаа. Энэ түүхийг нэгтгэж нэг цагт багтаан кино болгоно гэдэг тийм ч амар ажил биш. Далай шиг их баян түүхэн дотор умбаж түүнээс сувд шүүрэхтэй адил нарийн нандин зургуудыг олж авахыг зорьсон.
Энэ киног би ганцаараа бүтээгээгүй, баг хамт олон бүгд оролцсон. Кино бүтээх анхны санаачилгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон гаргаж, тусалж дэмжин хүч, санаа сэтгэлээ зориулсан учраас нэлээн амжилттай болсон гэж бодож байна. Түүхийн нарийн, нандин материалуудыг кинонд оруулж өгснөөрөө үнэ цэнтэй болсон.
Дараагийн 100 жилд энэ кино үнэлэгдэх ёстой. Яагаад гэвэл бид хэдхэн хоногийн дараа хоёр дахь 100 жилээ угтан авах гэж байна. Өмнөх зууны амьд гэрч болсон олон хүний амжилт, өөрсдийнх нь бүтээл хоёр дахь зуундаа уламжлагдан үлдэж, Монголын киноны түүхэнд их хувь нэмэр оруулна гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бол цаглашгүй их хувь нэмэр юм гэж бодох хэрэгтэй” гэв.
“МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТҮҮХИЙН СУРГАМЖ” НОМ ЗАЛУУ ҮЕД ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ БҮТЭЭЛ БОЛСОН
100 жилийн ойд зориулан бүтээсэн бас нэгэн бүтээл бол “Монголын худалдааны түүхийн сургамж” хэмээх ном юм. Уг номыг УИХ-ын гишүүн, Худалдаа бэлтгэлийн яамны сайд асан, гавьяат эдийн засагч, доктор Б.Шаравсамбуу бүтээж, өчигдөр нээлтээ хийснээр уншигчдын гарт хүрч байна.
Худалдаа бэлтгэлийн яамны Худалдаа удирдах газрын дарга асан, номын редактор Л.Банзрагч “Монголын худалдааны сургамж” номыг түүхэн талаас нь дурдаж бичсэн. Хүннү гүрэн анх байгуулагдах үеэс худалдаа, арилжаа, зах зээлийн бараа солилцоо хэрхэн явагдаж байсан талаар тодруулан оруулсан. Энэ бол худалдааны хувьд түүхэн талаас нь харсан анхны том бүтээл гэж хэлэх ёстой.
Тус номыг уншсан хүн бүхэнд, ялангуяа манай залуу үед их сургамжтай бүтээл болсон. Худалдаа арилжаа гэдэг хэрхэн үүсэж хөгжиж өнөөгийн үе шат буюу цахим худалдаанд шилжин ортлоо ямар олон шат дамжлагыг туулсан гэдгийг маш тодорхой тусгасан” гэлээ.
“Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт 1090 дахь шуудангийн марк үнэт цаасыг "Монгол шуудан" ХК, зураач Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар шинээр бүтээсэн бөгөөд өнөөдөр анхны өдрийн дугтуйг баталгаажуулж, хүрэлцэн ирсэн зочдод толилуулснаар нийтийн хүртээл болсон юм. 45х33 мм хэмжээтэй энэхүү маркийг 11,000 ширхэг хэвлэсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ
Түүнчлэн Монголын худалдааны түүхийг харуулсан үнэт ховор гэрэл зургийн үзэсгэлэнгээр ирсэн зочдын мэлмийг мялаалаа.
Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл мөн худалдааны салбарт үнэт хувь нэмрээ оруулсан ахмад зүтгэлтнүүд оролцсон юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ