Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум америк долларын ашигтай гарчээ
Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15 тэрбум америк долларт хүрлээ гэж ҮСХ-ноос мэдээлэв.
Экспорт 8.8 тэрбум, импорт 6.2 тэрбум америк доллар байна.
Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 3.3 (27%) тэрбум америк доллароор, экспорт 2.0 тэрбум, импорт 1.3 тэрбум америк доллароор тус тус өсжээ.
Харин өнгөрсөн сард экспорт 1.3 тэрбум, импорт 542 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 182 сая, импорт 24сая америк доллароор өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл эхний 11 сарын байдлаар 2.6 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 673 сая америк доллароор өсжээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сард 763 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 158 сая америк доллароор өссөн байна. БНХАУ-тай эхний 11 сард 9.7 тэрбум америк долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64 хувийг эзэлжээ.
БНХАУ-д экспортолсон бүтээгдэхүүний 31 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 65 хувийг алт эзэлж байна.
Экспорт эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 2.0 тэрбум америк доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.3 тэрбум, нүүрсний экспорт 608 сая америк доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.