Эрчим хүчний салбар 92 тэрбумын алдагдалтай ажиллаж байна
Монгол Улс оны эхний 11 сарын байдлаар 145.5 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн дүн боллоо.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолсон юм. "Эдийн засгийг сэргээх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах хэрэгтэй"гэж тэрбээр мөн онцолж байв.
Тухайлбал: Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450 мегаваттын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцыг барихаар тусгаад байна. Энэ эх үүсвэр нь говийн бүсэд байрлах улсын төсөвт багагүй хэмжээний орлого төвлөрүүлдэг томоохон уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болох аж.
Зөвхөн “Оюу Толгой” компани гэхэд л жилд дунджаар 110-120 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортоор авч эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа юм.