ГЕГ: I-XI САРД ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 27.9 ХУВИАР ӨСӨЖ, 15 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛЖЭЭ
I-XI сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 15 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Оны эхний 11 сарын байдлаар 8.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 28.8 хувиар өсжээ. Нийт экспортын 82.3 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлжээ.
Харин 6.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаднаас авсан байна. Импорт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ.
Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 15.1 сая тонн чулуун нүүрсийг 2.5 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурчээ.
Цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Харин экспортын орлого өмнөх оны мөн үеэс 29.7 хувиар өсжээ. Экспортын биет хэмжээний бууралтыг үнийн өсөлтөөр нөхөж байна.
Сараар нь харвал 11 дүгээр сард 1.7 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад бага зэрэг өссөн байна.
Хэдий тийм боловч ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тохиолдол өссөнөөр 12 дугаар сар гарсаар Гашуунсухайт- Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо буураад байна.