2025 оноос эх орондоо нэрсэн шатахуун хэрэглэж эхэлнэ
Монголчууд бид дөрвөн жилийн дараа гэхэд эх орондоо нэрсэн шатахуун хэрэглэж эхэлнэ. Шатахуун түгээх станцад очиход таны машины банкийг импортын биш, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Газрын тосны үйлдвэрээс нийлүүлсэн АИ-95 шатахуунаар дүүргэх нь.
Өнөөдөр манай улсад АИ-92 авто бензинийг түлхүү хэрэглэж байна. Гэвч Газрын тос боловсруулах үйлдвэрийнхэн алсаа харж, илүү чанартай бүтээгдэхүүн болох АИ-95-ыг үйлдвэрлэхээр шийджээ. Гэхдээ АИ-92-ын үнээр борлуулах юм байна.
2025 он хүртэл дөрвөн жил дутуу байна. Бидэнд урт санагдах ч мега төсөл хэрэгжүүлэхэд урт хугацаа шаарддаг онцлогтой. Энэ төслийн явц ямар шатанд байгааг танилцуулъя.
БИД ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЭРИН ҮЕД АМЬДАРЧ БАЙНА
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн захирал Д.Алтанцэцэг “Манай төсөлд 96 хүн ажиллаж байна. Бид таван жилийн хугацаанд ямар ажлууд хийсэн бэ гэвэл дэд бүтцийн ажлынхаа 50 хувийг дуусгасан.
Газрын тос дэлхийн аж үйлдвэрийн салбарын гол хөшүүрэг юм. Өнгөрсөн 400 жилд нүүрс бидний амьдралыг тэтгэсэн бол цаашид газрын тос стратегийн түүхий эд болно. Эрчим хүчний хамгийн гол эх үүсвэр нь газрын тос, байгалийн хий. Харин Монголчууд эрчим хүч гэхээр цахилгаан станц, гэрлийн шон боддог. Дотоод шаталтат хөдөлгүүрийг нээснээс хойш буюу 1900-аад оноос хойш дэлхий нийт газрын тосыг түгээмэл ашиглаж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш газрын тос, байгалийн хий дэлхийн геополитикийн бодлогыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг түүхий эд болсон. Олон улсын есөн том компани газрын тосыг бүрэн хянадаг.
Хоёрдугаар дайнаас хойш үүссэн бүх хямрал, ЗХУ-ын задрал газрын тосноос үүдэлтэй. Бидний амьдралыг газрын тосгүйгээр төсөөлөхөд бэрх боллоо. Бүх төрлийн нийтийн тээвэрт газрын тос ашиглаж, угаалгын бодисууд, будаг шунх, компьютер, гар утас, эм тариа, хуванцрыг газрын тосноос гарган авч байна. Товчоор бид химийн үйлдвэрийн эрин үед амьдарч байна. Бидний өдөр тутам ашиглаж буй бүтээгдэхүүний 95 хувийг газрын тосноос гарган авдаг. Хайгуулын ажил эрсдэл өндөр ч орд илрүүлсний дараа газрын тосыг олборлоход амар, боловсруулахад байгальд хөнөөл бага, эрчим хүчний хамгийн өндөр нягтаршилтай гэх мэт онцлогтой.
Жишээ нь Багануурын нүүрс 2800 ккалори илчлэгтэй бол газрын тосных 12 мянга байдаг. Антрацит төрлийн нүүрснийх 5000, коксжих нүүрснийх 8000 ккалори байдаг” гэж танилцуулав.
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Бид ОХУ-аас бензин худалдан авч байна. Энэ онд хоёр удаа авто бензиний нийлүүлэлт доголдов. Манай нийт импортын 25 хувийг газрын тосны худалдаа эзэлдэг. Газрын тосны үнэ өсөхөд манай өргөн хэрэглээний барааны үнэ мөн л өсдөг. Ингэхдээ бензиний үнийн өсөлтөөс пропорциональ бусаар өсдөг нь харамсалтай. Энэ нь цаашлаад иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлдөг. Цаашилбал манай улсын тусгаар тогтнолтой холбоотой тул төрөөс газрын тос боловсруулах үйлдвэрийг дахин барих шийдвэрт хүрсэн юм.
Шинэ үйлдвэрт хоёр өөр ордын тосыг 50/50 хувиар хольж ашиглана.
Манай улсын газрын тосны салбар 80 жилийн түүхтэй. 1941 онд анхны хайгуулыг эхлүүлжээ. Зүүн баян дахь жижиг үйлдвэр шатсаны дараа буюу 1969-1990 он хүртэл энэ салбар уналтад орж, хайгуул олборлолт явуулаагүй байна. 2005 оноос БНХАУ-ы төрийн өмчийн “Петро Чайна Дачин тамсаг” газрын тосны хайгуулыг эрчимжүүлсэн. 2010 оноос хойш дөрвөн жилийн турш хийсэн хүндийн хүчний хайгуул, соронзон хайгуул, 2 болон 3 хэмжээст чичирхийллийн судалгаа, өрөмдлөгийн үр дүнд Зүүнбаян, Тамсагийн сав газарт нийт 332 сая тонн газрын тосны нөөц илрүүлжээ.
Харин одоо барьж буй үйлдвэрийн хүчин чадал жилийн 1.5 сая тонн. Газрын тос нь элсэн чулууны сувагчлалд оршдог тул нөөцийг бүрэн олборлох боломжгүй. Иймд “Петро Чайна Дачин тамсаг” 2017 оноос эхлэн орд ашиглалтын төлөвлөгөөгөө батлуулахдаа 332 сая тонн нөөцийн 13 хувийг буюу 43 сая тонн тосыг олборлоно гэж тооцоолжээ. Энэ хувийг 20-д хүргэх хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн зөвлөдөг. Үүнд төрийн оролцоо, тухайн компанийн идэвх санаачилга, газрын тосны үнэ нөлөөлнө. Бусад улсуудад манайх шиг эх газрын гүнээс нөөцийнхөө 40 хүртэл хувийг олборлодог байна. Газрын тосны нөөц:
Ордууд |
Баталгаат нөөц (сая тонн) |
Тосон-Уул |
179.6 |
Тамсаг |
127 |
Цагаан элс |
26 |
НИЙТ |
332.6 |
Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнгээр 2010, 2012 онуудад Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан- Элсний орд газарт 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ.
ТҮҮХИЙ ТОСНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Манай улсын тос хөнгөн шинж чанартай байгаа нь давуу тал аж. Тосонд хүхэр их байвал нэмэлт технологи шаарддаг, материалын зардал өсдөг гэх мэт сул талтай. Манай тосны хүхрийн агууламж Тамсагийнх 0.11-0.14 бол Матадынх 0,03 хувь буюу харьцангуй бага. Мексикийн тос 3.3, Кувейтийнх 2.5, Иракийнх 2.1, ОХУ-ынх 0.8-1.8 хувийн хооронд хэлбэлздэг аж.
Гэхдээ манай тос парафиний агуулга ихтэй нь сул тал юм байна. Өндөр температурт царцах тул халаан шингэлэх шаардлагатай. Энэ нь тээвэрлэлтэд хүндрэл үүсгэх ч гүн боловсруулалтад орохдоо сайн, тос тосолгооны материал үйлдвэрлэхэд тохиромжтой гэв. Газрын тосны үйлдвэрийн нийт зардлын 85 хувийг түүхий тос хайх, олборлох, тээвэрлэхэд зарцуулдаг бол 15 хувийг бусад үйл ажиллагаанд зарцуулдаг. Шинэ үйлдвэр эхний ээлжид түүхий тосоо БНХАУ-ын компаниас худалдаж авна. Хэрэв тус үйлдвэр өөрсдийн тостой болбол үйлдвэрийн зардал ихээхэн буурах юм.
Цар тахлын улмаас Тяньжинд 34 чингэлэг таван сарын турш саатсан.
Засгийн газар үйлдвэрийн дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах сүлжээг богино хугацаанд барьсан. 1961 оноос хойш Монголчууд анх удаа төмөр зам тавьсан нь Сайншанд өртөөг үйлдвэртэй холбосон, 27 км төмөр зам байв. Төмөр замын нэг км-ыг 712 мянган ам.доллар буюу олон улсын жишиг үнээс (2.8-3.2 тэрбум ам.доллар) багаар барьжээ. Энэ нь Монголчууд бид өөрсдөө төмөр замаа барих чадвартайг илтгэсэн тул Зүүн бүсэд дараагийн төмөр замуудыг барих хөшүүрэг, үндэс болжээ.
Энэтхэгийн Экспорт, импортын банкны зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байна. Энэ банкны бусад улсуудад олгосон хамгийн том зээл бөгөөд (1.2 тэрбум ам.доллар) дараагийнх нь Бангладешт олгосон 300 сая ам.долларын зээл юм. Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөлд Энэтхэгийн ГХЯ хяналт тавьж, 2-3 сар тутамд мэдээлэл солилцон ажилладаг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Энэтхэгийн төрийн өмчийн “Engineers India” компани боловсруулсан. Тус компани 28 үйлдвэр барьсан туршлагатай. Мөн үйлдвэр байгуулахад төслийн зөвлөхөөр ажиллаж байна.
Зээлийн гэрээнд төслийн бүх ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн компани байна гэж заасан. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” тэдгээр компанийг сонгон шалгаруулах үүрэгтэй. Мөн нийт бараа бүтээгдэхүүний 75 хувийг Энэтхэгээс хангана гэж УИХ-ын соёрхон баталсан гэрээнд заажээ. Иймд төслийн нэгжэээс ГХЯ-д санал хүсэлт гарган, хувийг 65 болгосон ч 55 болгох шаардлагатай. Учир нь цар тахлын улмаас Тяньжин, (34 чингэлэг таван сарын турш саатсан) Энэтхэгийн боомтуудад ачаа саатсаны сацуу Энэтхэгээс Монгол руу үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэхэд зардал өсжээ.
Энэтхэгээс авсан зээлийн хүү: Жилийн 1.75%
Зээлийн хугацаа: 27 жил
Үйлдвэрийн жилийн борлуулалтын орлого: 1.2 тэрбум ам.доллар
Зээлийн эргэн төлөлт: Үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 68 сая ам.доллар төлнө.
Газрын тос боловсруулах үйлдвэр ассан бол унтрахгүй байх онцлогтой. Унтарчихвал асдаггүй тул дөрвөн жилийн дараа л нэг унтраах юм. Шинэ үйлдвэрт хоёр өөр ордын тосыг 50/50 хувиар хольж ашиглана. 2015-2018 оны хэрэглээний дунджаар үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ тооцоолжээ. Цаашид цахилгаан машины хэрэглээ манай улсын АИ-92, 95 авто бензиний хэрэглээг бууруулж болзошгүйг ч харгалзсан гэв.
Манай улсад АИ-98 авто бензиний хэрэглээ бага тул энэ төрлийн бүтээгдэхүүнд зориулан нэмэлт байгууламж барих гэх мэт зардал гарах тул АИ-98 үйлдвэрлэхгүй. Үйлдвэрийн дэргэд тос, тосолгооны материалын үйлдвэрийг дараагийн ээлжид барьснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах юм.
12 БАЙГУУЛАМЖААС БҮРДЭХ ҮЙЛДВЭР БАРИХ АЖИЛ ДӨРВӨН ҮЕ ШАТТАЙ
2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар EPC-1 буюу технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл үргэлжилж байна.
EPC-1 амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн дараагийн технологийн барилга угсралтын ажлуудыг эхлүүлэх суурь нь болно.
Нэг. Технологийн бус 99 барилга байгууламж барьж байна. Үүнд зам тавих, оффис, ажилчдын хотхон барих, ус, эрчим хүч татах, үерийн ус зайлуулах систем байгуулах ажлууд багтана. Эдгээрийг барьснаар үйлдвэр барих хүмүүсийн ажиллах орчин бүрдэнэ. Усаа Бор Хөөврийн говиос 11 худгаар татаж, цуглуулаад үйлдвэр рүү шахна. Жилд 2.8 сая тонн усыг түүхий ус цэвэршүүлнэ. Аль болох усаа хэмнэхэд анхаарна. Томоохон байгууламжуудыг хөргөх усаа өвөл агаараар хөргөнө гэв.
Усны сувагчлал нь 87 км урт, усны нөөцийн сав 35 мянган метр куб багтаамжтай бөгөөд Монголд анх удаа газар дор стратегийн байгууламж болох усны нөөцийн савыг барьж байна. 30 давхар байшинд зориулсан суурь цутгажээ. Энэ байгууламж 714 баганатай. Монголын хоёр компани усны шугам хоолой татаж байна. Ингэснээр газрын тос дамжуулах хоолойг барих, гагнах ажилтнуудаа бэлтгэж эхэлжээ. Учир нь дурын гагнуурчин энэ ажлыг хийхгүй, Энэтхэгийн тал бүх гагнуурчныг аттестатчилалд хамруулан шалгадаг байна.
Монголд анх удаа газар дор стратегийн байгууламж болох усны нөөцийн савыг барьж байна.
Хоёр. Анхдагч процессийн байгууламжууд (энгийн нэрлэгийн, вакуум нэрлэгийн, хий ялгах байгууламж, бамбарын систем, түүхий ус боловсруулах, хаягдал ус боловсруулах систем, агуулах сав, түлшний систем, азотын хангамжийн систем гэх мэт). Эдгээр ажлыг гүйцэтгэх техникийн бичиг баримтууд 14 мянган хуудас болжээ. Эдгээр нь гэрээний салшгүй хэсэг болно. Эхний гэрээ л гэхэд 3600 хуудас юм.
Тамсагийн сав газраас ирэх түүхий тосыг хамгийн түрүүнд энгийн нэрлэгийн байгууламж руу оруулна. Дараа нь түүхий тосоо атмосферийн, вакуум орчинд нэрэн, хий, онгоцны түлш, мазот гаргана. Эндээс гүн боловсруулах буюу патенттай технологийн байгууламжууд руу (октан тоог нэмэх гэх мэт) шилжүүлснээр стандарт хангасан бүтээгдэхүүн болно.
Гурав. Үйлдвэрийн цахилгаан станцыг барих. Монголд анх удаа шингэн түлшээр ажилладаг цахилгаан станц үйлдвэрийн дэргэд барина. Газрын тос боловсруулах явцад олон дагалдах бүтээгдэхүүн гардаг. Үүний нэг нь мазут буюу зуухны түлш юм. Цахилгаан станцаа зуухны түлшээр ажиллуулахын сацуу зах зээлд 40 мянган тонныг нийлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор манай улс шингэн түлшийг цахилгаан станцуудад оч авалцуулахдаа жилд 2000-3000 тонныг хэрэглэдэг байна. Нүүрстэй харьцуулахад энэ цахилгаан станц илүү цэвэрхэн байдаг аж.
Дөрөв. Лицензтэй буюу патенттай технологийн долоон байгууламж барих. Эдгээр нь гүн боловсруулалтын технологи юм. Монголд анх удаа ус төрөгч үйлдвэрлэнэ. Эдгээрийн патентийг Шеврон, Шелл гэх мэт газрын тосны магнатууд эзэмшдэг.
Үйлдвэрийн агуулах 43 нүсэр том савнаас бүрдэнэ. Ачих буулгах байгууламж гэхэд Монголд байхгүй том хэмжээтэй гэнэ.
ЯАГААД ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ БОЛОВ?
2020 оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газраас түүхий тос дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Дамжуулах хоолой түүхий тосыг хол замд тээвэрлэх хамгийн оновчтой, үр ашигтай хэрэгсэл бөгөөд 1.5-2 метр гүнд угсрах учир байгалийн гадаад дүр төрхөд өөрчлөлт орохгүй, бусад хөдөлгөөнд саад учруулахгүй, цаг агаарын нөлөөнд өртөхгүй зэрэг давуу талтай гэж үзжээ.
Түүхий тосыг үйлдвэр руу дөрвөн тээврийн хэрэгслээр зөөдөг байна. Эдгээр нь далайн тээвэр, дамжуулах хоолой, галт тэрэг, авто зам юм. Америкт 285 мянга, Энэтхэгт 280 мянга, БНХАУ-д 350 мянган урт км урт дамжуулах хоолой бий. Манай улс далайд гарцгүй орон тул далайн тээвэр боломжгүй. Эрчим хүчний зарцуулалтаа тооцоход дамжуулах хоолойноос төмөр зам 9 дахин, авто замаар тээвэрлэвэл 30 дахин өндөр байжээ.
Манай улс дэд бүтэц муутай тул одоо ч авто замаар бензинээ тээвэрлэсээр байна. Уг нь олон улсын жишигт 100 км дотор авто замаар нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэхгүй гэсэн стандарт мөрддөг аж.
Дамжуулах хоолой нь машин, тээврийн хэрэгсэл, зам юм. Хоолойг өргөж, халаах л шаардлагатай. Үүний тулд шахуурга, зуух, компрессор хэрэглэнэ. Манай тос +25 градуст царцдаг тул галт тэргээр тээвэрлэх боломжгүй. Өвөл -40 градуст энэ тосыг үйлдвэрт буулгана. Тэгэхээр 60 градусын зөрүү үүсэ тул хэн юугаар халаах вэ гэсэн асуулт үүсжээ.
Харин дамжуулах хоолой нэг чигтэй, буцахгүй, газар доорх 530 км урт хоолойгоор тээвэрлэн, үйлдвэрт буулгана. Газрын гадаргуу, ан амьтанд нөлөөлөхгүй, байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарахгүй давуу талтай. 32 см-ын диаметртэй хоолой нь тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй, үер болоход нурж унахгүй. Дамжуулах хоолойн маршрутыг сонгохдоо цэвэр усны судал дайруулахгүй байхад анхаарч, олон судалгаа хийжээ.
УУХҮЯ-наас тендер зарлаж, олон улсын сэтгүүлд урилгаа нийтлэхэд урьдчилсан сонгон шалгаруулалтаар 15 компани шаардлага хангасан тул тэдэнд материал хүргүүлжээ. Аравдугаар сарын 20-нд тендерийн материал хүлээн авч, дөрвөн компанийг үнэлэх ажил үргэлжилж байна. УУХҮЯ санхүүжилтээ 100 хувь өөрсдөө олж барих, техник технологийн оновчтой шийдлээр барих даалгавар өгсөн тул олон компани дамжуулах хоолой барих тендерт оролцох боломжгүй болжээ. Дамжуулах хоолойг 300-400 сая ам.доллараар барина. Олон улсын жишгээр төслийн захиалагч санхүүжилтийн 15 хувийг гаргадаг ч манай улсад энэ боломж үгүй. Дээрх дөрвөн компанийн чухам аль нь дамжуулах хоолой барих нь эцсийн байдлаар тодорсны дараа Засгийн газар тухайн компанид 250 хүртэл сая ам.долларын баталгаа гаргах, эсэхээ шийдэх юм.
ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООС ХОЙШ АШИГЛАХ СТАНДАРТУУДЫГ МОНГОЛ ХЭЛ РҮҮ ХӨРВҮҮЛЭН НУТАГШУУЛНА
УИХ Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай хуулийг баталсан. Нэг үйлдвэрт зориулан хууль баталсан тохиолдол манай улсад байхгүй ч газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа энэ хууль хүчингүй болно. Мөн манай улсад огт байхгүй, 2000 шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага үүсчээ. Гэтэл Стандарт хэмжил зүйн газар жилд олон улсын арван стандартыг монгол хэл рүү хөрвүүлдэг аж. Иймд цаг хэмнэх зорилгоор үйлдвэр ашиглалтад орсноос хойш ашиглах стандартуудыг л монгол хэл рүү хөрвүүлэн нутагшуулахаар шийджээ.
“Оюу толгой” компани манай улсад геотехникийн салбарыг анхлан танилцууллаа. Газрын тосны үйлдвэрийг барьснаар процессын инженер гэх мэт олон шинэ мэргэжлээр оюутнуудыг бэлтгэх шаардлагатай. Иймд Газрын тос боловсруулах үйлдвэр боловсон хүчнээ одооноос бойжуулахаар МУИС, ШУТИС, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуультай хамтран инженерүүдээ бэлдэж эхэлжээ. Мөн дийлэнх ажилчдаа Энэтхэгт сургалтад хамруулсан байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтад оргил үед 7000-8000 хүн ажиллана. Иймд эдгээр ажилчдыг хаана байрлуулах судалгааг хийжээ. Орон сууц барилгүй кэмп байгуулахад нэг жилд 180 тэрбум төгрөг хэрэгтэй. Иймд 60 тэрбум төгрөгөөр хотхон байгуулахаар шийджээ. Ташрамд хэлэхэд Яармагт барьсан, хотын захиргааны шинэ байрыг 97 тэрбум төгрөгөөр барьсан юм.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. Үндсэндээ Сайншанд суманд 11 га газар олгогдсон бөгөөд тус бүр 50-60 метр квадрат бүхий нийт 550 айлын 15 орон сууцны барилга баригдаж байгаа. Орон сууцны барилгын явц 90 орчим хувьтай байна.
Хотхон 550 айлын орон сууц, оффис, үйлчилгээний төв, цэцэрлэгээс бүрдэнэ. Нийт 5000 м кв талбайтай. Орон нутагт байшин барьсан атлаа эргэн тойрон нь шороо байдаг бол энэ хотхон нов ногоон байх бөгөөд модоо тарьж эхэлжээ.
ЯАГААД АЛТАНШИРЭЭ СУМАНД ҮЙЛДВЭР БАРИХААР ШИЙДСЭН БЭ?
Нефть, химийн үйлдвэрт их хэмжээний түүхий эд шаардлагатай. Үйлдвэрийн талбайгаас тос Тосон-Уул 19-ийн тос цуглуулах байгууламж хүртэл 530 км зайтай юм байна. Хэдий ганц л түүхий эд ашиглах ч олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэр бүхнийг өөр өөр тээврээр зөөнө. Иймд бүтээгдэхүүнээ хүргэх зах зээлдээ ойр байх нь чухал. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгчид нь Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн бүс болон говийн бүсэд байна. Монгол орны түлшний нийт импорт 1.1 сая тонн байгаагаас 65 хувь буюу 722 мянган тонныг төвийн болон говийн бүсэд хэрэглэдэг байна.
Чойроос нийслэл хүртэл замгүй тул хамгийн гол дэд бүтэц болох төмөр замаа түшиж, Айраг сумыг сонгожээ. Мөн Чойр усны нөөцгүй нь байршил тогтооход нөлөөлсөн байна.
Бензин шатах өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн тул авто замаар, иргэдтэй зэрэгцээд тээвэрлэх нь маш аюултай тул тусгай тоноглол бүхий (халаалттай), аюулгүй байдлыг хангасан галт тэргээр зөөх юм байна.
Үндсэн технологийн 12 байгууламжтайгаар 2025 онд бүрэн ашиглалтад орох үйлдвэрт дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ:
- Шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн
- Авто бензин 339 мянган тонн
- Дизель түлш 824 мянган тонн
- Онгоцны түлш 80 мянган тонн
- Зуухны түлш 47 мянган тонн
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮР ӨГӨӨЖ
- Түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна.
- Аж үйлдвэрийн цогц хөгжлийн чухал хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурь тавигдана.
- Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өснө.
- 600 ажлын байр бий болж, шууд бус ажлын байр олноор нэмэгдэнэ.
- Валютын гадагшлах урсгал буурч, төгрөгийн ханш тогтворжино.
Монголчууд бензинтэй болох замаа бага багаар тавьсаар байна. Төр олон жил газрын тосыг үл хайхарсан. Гэтэл АНУ, Энэтхэг, БНХАУ, Иран, Ирак, Кувейт, Саудын Араб гэх мэт орнуудад газрын тосны компаниудад төрийн оролцоо өндөр байдаг. Төр заавал хяналтдаа байлгадаг салбар нь газрын тос юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс шиг улс болох хувь нэмэр оруулна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 1.7 тэрбум литр тонн бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна. Манай улсын үйлдвэрийн хүчин чадал жилийн 1.5 сая тонн буюу бага тул томоохон компаниуд тендэрт оролцох болов уу гэсэн болгоомжлол байсан ч нийт 13 том компани оролцсон гэдгийг Д.Алтанцэцэг захирал дурдсан юм.
“МГТБҮ” ТӨХХК-тас гадна төслийн ерөнхий зөвлөх, хөндлөнгийн зөвлөх, тендерт оролцогчид гэх мэт 20 компани энэ төсөл дээр ажиллаж байна. Мөн УУХҮЯ, Эрчим хүчний яамнаас гадна Батлан хамгаалах, Эрүүл мэндийн гээд бүх яамд манай улсад барьж буй орчин үеийн үйлдвэр ажилд оролцож байна.