СЗХ: Нийт харилцагчдын 93 хувь технологид суурилсан зээлийн үйлчилгээ авах боломжтой
Санхүүгийн салбарын нийт харилцагчдын 93.2 хувь нь технологид суурилсан зээлийн үйлчилгээ хүртэх боломжтой байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Нийт зээлдэгчдийн 81.2 хувь нь зөвхөн гар утсаараа дамжуулан зээл авч байна. Эдгээр зээл нь нийт зээлийн 10.2 хувийг бүрдүүлж байгаа аж.
2021 оны III улирлын байдлаар санхүүгийн үйлчилгээнд технологийн дэвшил ашиглаж буй Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн 93.5 хувийг хэвийн зээл, 1.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, харин 4.6 хувийг чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлжээ.
2018 оноос төлбөрийн системд банкнаас бусад хуулийн этгээд оролцох боломжтой болсон юм. Энэ хугацаанд нийт 16 финтек байгууллага Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр финтек чиглэлд Банк бус санхүүгийн 24 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүний зургаа нь зөвхөн технологид, харин 18 нь технологи, уламжлалт загварыг хослуулан ашиглаж байгаа юм.