ҮСХ: Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I-IX сард 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан
Оны эхний есөн сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 53.3 хувиар буурсан бол цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 онд 200-500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарч байв.
Хямралын үед Засгийн газраас эрүүл мэнд, халамжийн чиглэлийн зарцуулалтаа нэмж, хог, цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлсөн төдийгүй энэ он дуустал үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Төсвийн орлого тайлант хугацаанд 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.2 хувиар өссөн байна. Төсвийн орлогын 76.4 хувийг татварын орлого бүрдүүлжээ.
Харин нийт зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 15.9 хувиар өсөж, 10.9 их наяд төгрөг болсон байна. Урсгал зардал 23.7 хувиар өссөн нь нийт зардал өсөхөд нөлөөлжээ.
Засгийн газраас ирэх оны төсвийг өргөн барьж, УИХ нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд байна. Нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг гэж тооцоолж байгаа нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа юм. Нүүрсний экспортыг ирэх онд 30 сая тонноос дээш байлгахаар зорьж байна.
Харин энэ онд үнэ өндөр байсан ч COVID-19-ийн тархалттай холбоотой шалтгаануудын улмаас оны эхний есөн сард нүүрсний экспорт 12 сая тонн буюу төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байгаа юм.