ҮСХ: Мөнгөний нийлүүлэлт VIII сарын эцэст 25 хувиар өсөж, 27 их наяд төгрөг болсон
Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өссөн байна. Үүнд төгрөгийн харилцах 77.9 хувиар, төгрөгийн хадгаламж 32.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 19.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн байна. Дотоодод “коронавирус”-ийн халдвар тархаж, хөл хорио тогтоосны улмаас банкнууд зээл олголтоо хязгаарлаж, хэрэглээний зээлийн өсөлт 2020 оны эхнээс сөрөг утгатай болсон юм.
Харин энэ оны I улирлаас зээл олголт мэдэгдэхүйц нэмэгдсэнээр өсөлт ажиглагдаж эхэлсэн байна. Тайлант хугацаанд хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 16.8 хувиар өсөж, нийт үлдэгдлийн 83.9 хувийг эзэлж байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ 1.3 хувиар өсөж, хоёр их наяд төгрөг болсон байна. Хэдий тийм боловч нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь буурч, 10 хувь болжээ.
Барилгын салбараас бусад голлох эдийн засгийн салбаруудын зээл өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байгааг Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурдсан байна. Уул уурхайн салбарын зээл хамгийн өндөр буюу 33.9 хувиар өсжээ. Энэ нь “Алт-2” хөтөлбөр болон уул уурхайн том төслүүдэд олгосон зээлээр тайлбарлагдаж байгаа юм.
Цар тахлын үед Засгийн газар, Монголбанкны зүгээс бодит секторыг санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрээр хангаж, зээл олголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хэдий тийм боловч цар тахлын үргэлжлэх хугацаа, нөлөөлөл тодорхойгүй байгаа тул зээлдэгчийн ирээдүйн орлого, төлбөрийн чадварыг тодорхойлоход хүндрэлтэй байгааг дурдаж байна. Тиймээс банкнууд зээлийн эрсдэлээ хязгаарлах зорилгоор Төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хандлага бүрэн арилаагүй байгааг онцоллоо.