Тяньжинд зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж эхэлжээ
Замын-Үүд дэх ачааны бөөгнөрөл бүрэн шийдэгдээгүй, Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл хэвээр байгаа ажээ. Уг боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг хөдөлж буй юм байна. Хэдийгээр өдөрт нэг галт тэрэг гарч байгаа ч уг боомтод өдөрт ирэх чингэлгийн тоо их байгаа нь боомтын ачаалал буурахгүй байх гол шалтгаан болж буй талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод зургадугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаж буй юм байна. Сүүлд ирсэн зарим чингэлэг өмнө нь ирсэн чингэлгийн дээр давхарлагдсаны улмаас түрүүлж ачигдах тохиолдол гарч байгаа аж.
Замын-Үүд хилийн боомтоор 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Эрээн тал руу 106 ачаагүй хоосон машин, 4 хоосон чингэлэг ачсан машин, 30 нүүрс ачсан машин, нийт 140 машин гарчээ. Эрээн-Замын-Үүд чиглэлд 150 машин орж ирснээс ачаагүй хоосон машин 18, импортын хөлөөрөө орж ирж буй 23, ачаатай 102 машин байгаа аж.
Монгол талаас нүүрс ачин гарч буй машинууд ачаагаа буулгаад, буцахдаа Эрээн талаас ачаа ачин орж ирэх боломжтой болжээ.
Тяньжин боомтоос 2021 оны наймдугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд 528 чингэлэг Замын-Үүд боомтоор хүлээн авсан байна. Харин Замын-Үүд-Эрээн боомтоор наймдугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд нарийн царигаар 619 вагон хүлээн авч, өргөн царигаар 560 вагон хүлээлгэн өгчээ.