ЭНЭТХЭГТ ЗОХИОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ СОЛОНГОСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газар барьцаа ахиулав

2021/09/02

Засгийн газар барьцаа ахиулав

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэд Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл ресурс” хувьцаат компанийн удирдлагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн захидлын агуулгыг танилцууллаа.

Захидалд Рио Тинто групп гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон явдалд уучлал гуйгаад Засгийн газарт ирэх гурван жилийн хугацаанд 350 сая ам.доллар төлөх санал дэвшүүлжээ. Энэ нь “Оюу толгой” ордоос Засгийн газрын 34 хувьд ногдох ногдол ашгийн урьдчилгаа юм байна. Өнөөдрийн ханшаар тооцоолбол 350 сая ам.доллар нь 997 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Жил бүр 350 тэрбум төгрөгийг урьдчилж авна гэсэн үг юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн алдагдал 830 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг бууруулах, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтворжуулахад Рио Тинтогийн өгөөмөр санал эерэг нөлөөтэй.

Гэвч ямар нөхцөлөөр урьдчилгаа олгох нь одоогоор тодорхой болоогүй тул энэ саналыг яаран хүлээн зөвшөөрөхгүй гэж ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго мэдэгдэв.

Уг нь Туркойз Хилл Ресурс энэ оны нэгдүгээр сард Монголын Засгийн газар 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй гэж мэдэгдсэн юм. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээнд төсөлд оруулсан бүх санхүүжилтийг төлж дууссаны дараа ногдол ашиг авна гэж заасан юм. Мөн Рио Тинто групп гурван жилийн турш буюу 2024 оныг хүртэл (сонгуулийн жил) ногдол ашиг өгөх санал тавьсан нь ч анхаарал татав.        

РИО ТИНТОГИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРАЛ Б.БОЛД ДӨРВӨН САРЫН ДАРАА ДАХИН ИРЛЭЭ

Рио Тинто группээс IV сард Монголд ирсэн баг Рио Тинто группээс IV сард Монголд ирсэн баг

Б.Болд захирал энэ оны  нэгдүгээр сард Рио Тинтогийн Зэсийн группийг удирдах ажлыг хүлээж авсан юм. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хэд хэдэн мэргэжилтний хамт Монголд ирж, Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Б.Болд, С.Мөнхсүх захирал нар хэлэлцээг үргэлжлүүлэхээр Монголд дөрвөн сарын дараа дахин иржээ.

Хэлэлцээний явцад талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн шалтгааныг хөндөх нь тодорхой. Рио Тинто групп зардлын хэтрэлтийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан гэдэг. Харин хөндлөнгийн шинжээчид үүнийг няцаасан. Өнгөрсөн гуравдугаар сард “Оюу толгой” компанийн тусгай хорооноос томилсон хөндлөнгийн шинжээчид таван сар ажиллаж, дүгнэлтээ албан ёсоор танилцуулахдаа далд уурхайн үйл ажиллагаа гео техникийн асуудлын улмаас хойшлоогүй. 12-90 сая ам.долларын нэмэлт зардал л үүний улмаас гарсан. Харин менежментийн багийн алдаатай үйл ажиллагааны улмаас дийлэнх зардал гарсан гэсэн юм.

 

Рио Тинто групп гурван жилийн турш буюу 2024 оныг хүртэл (сонгуулийн жил) ногдол ашиг өгөх санал тавьсан нь анхаарал татав.

Дэлхийд томоохонд тооцогддог, Англи-Австралийн хамтарсан компани болох Рио Тинто группийн нэр хүндэд энэ дүгнэлт харшлах нь тодорхой. Тэд удахгүй эхлэх хэлэлцээгээр 1 тэрбум 350 сая ам.долларын (90 сая ам.долларыг гүний уурхайн гео техникийн нөхцөлийн улмаас зарлагадсан гэж үзвэл) нэмэлт зардлыг чухам яагаад гаргах болсноо тайлбарлах учиртай.

РИО ТИНТОД ТӨЛДӨГ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА

Рио Тинто группээс Засгийн газар анх 1.4 тэрбум ам.долларын зээл авч, ил уурхайг ашиглалтад оруулсан. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Рио Тинто групп дангаараа гарган, Засгийн газар ордын 34 хувийг эзэмшдэг тул нийт хөрөнгө оруулалтын 34 хувийг ч хариуцах үүргийн хүрээнд зээл авчээ. Зээлийн хүү 6.5 хувь+либор бөгөөд одоо нийт зээл 2.4 тэрбум ам.доллар болж өссөн байна. Энэ хэвээр үргэлжилбэл 22 тэрбум ам.долларт хүрэх тооцоог Засгийн газарт танилцуулсан байдаг. Нэг тонн зэсийн үнэ 6680 ам.доллар байхад энэ тооцоог хийжээ. Иймд 22 тэрбум ам.доллар гэх тоо өөрчлөгдөх боломжтой гэж Засгийн газар үздэг. Өнгөрсөн тавдугаар сард үнэ 10184 ам.долларт хүрч, дараа сард нь 9612 ам.доллар болжээ.      

Ямартаа ч хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто зээлийн хүүг бууруулахаа мэдэгдлээ. Тус групп зээлийн баталгааг гаргасан бөгөөд баталгаа гаргасан төлбөртөө “Оюу толгой”-гоос жил бүр 80 сая ам.доллар авдаг. Зээлийн хүүг хэдэн хувиар бууруулах нь тодорхойгүй байгаа ч Засгийн газарт ногдох 22 тэрбум ам.долларын зээл буурна.  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Засгийн газрын нийт өр 27.3 их наяд төгрөг байгаа юм.

Захидалд дурдсан дараагийн асуудал бол Рио Тинто групп Засгийн газрын эзэмшдэг 34 хувийн хувьцааг цаашид хэрхэхээ бидэнтэй зөвлөж болно гэжээ.

Тус групп энэ хувьцааг худалдаж авах хүсэлтэй байна уу гэж захидлын үгс уншигдаж байна. Харин энэ асуудлыг Рио Тинтогийн талтай хэлэлцэхгүй гэдгийг Б.Солонго дарга тодорхой илэрхийлэв.  

Р.Жигжид Уул уурхайн сайдаар ажиллах үеэс Засгийн газар 34 хувийг эзэмших нь зохимжгүй. Энэ хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээдэг нь бидэнд ашиггүй. 34 хувийн хувьцааг худалдаад, төсөл хэрэгжүүлэгчээс АМНАТ болон бусад татвараа аваад явах нь илүү ашигтай гэх дуу хоолой сонсогдох болсон юм. Харин өнөө үед зэсийн үнэ өсөж, цаашдаа ч эрэлт өсөх төлөвтэй байгаа тул 34 хувиас яаран татгалзаж болохгүй гэж эдийн засагчид анхааруулсаар байна.

Засгийн газар, Рио Тинтогийн хэлэлцэх дараагийн асуудал нь Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ юм. “Оюу толгой” компани БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээ худалдан авдаг нь тус компанийн нийт зардалд багагүй хувийг эзэлдэг. Далд уурхай ашиглалтад орвол цахилгааны хэрэглээ өснө. Тэд дотоодоос буюу Монголоос эрчим хүч худалдан авах болбол Өвөр Монголоос авч буй үнээс багаар авахыг эрмэлзэнэ. Харин Засгийн газар Таван толгойн ордыг түшиглэн байгуулах шинэ цахилгаан станцын зардлаа богино хугацаанд нөхөхийг зорих нь тодорхой. Мөн Рио Тинто групп баталгаа гаргавал олон улсын санхүүгийн байгууллагууд шинэ ЦС-ыг санхүүжүүлэхээ мэдэгддэг юм.    

Одоогоор ил болсон мэдээллээр талууд Лондоны арбитрын шүүхэд үргэлжилж буй татварын маргааныг ч хэлэлцэнэ. Рио Тинто групп энэ маргааныг түр түдгэлзүүлэх хүсэлтээ захидалд илэрхийлжээ. Харин Засгийн газар маргааныг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Татварын албанаас тавьсан, хоёр удаагийн актыг үл хүлээн зөвшөөрч, “Оюу толгой” компани Лондоны Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд татварын маргаанаа олон улсын Арбитрын шүүхээр шийдүүлнэ гэж заасан юм. Эргэн сануулахад Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг хянаад, нөхөн ногдуулалтын актаар 649 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулсан. “Оюутолгой” ХХК энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 229 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан. Мөн гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд тус тус шилжүүлсэн юм.

2018 оны татварын актаар илэрсэн зөрчлүүд (нийт 762 тэрбум төгрөг):

  • “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;
  • Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.

Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй гэж Засгийн газар үздэг.

“Оюу толгой”-н ордыг 100 жил ашиглах нөөцтэй гэж үздэг. Иймд энэ орд Засгийн газар, Рио Тинтогийн аль алинд нь онцгой ач холбогдолтой. Рио Тинто групп зээлийн хүүгээ 6.5 хувиас бууруулж, Засгийн газрын ногдол ашиг хугацааг наашлуулах амлалт өгсөн нь сайн хэрэг. Засгийн газар хүссэндээ бага багаар хүрч, барьцаа ахиулав. Үүнд улс төрчдөөс илүүтэй мэргэжлийн багийн (ЗГХЭГ-ын дэд дарга, хуульч Б.Солонго, “Оюу толгой” компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлсөн З.Ган-Очир, Э.Баясгалан) туршлага, ур чадвар илүүтэй нөлөөллөө.

Гэхдээ энэ төсөл аль аль талын ашиг сонирхлыг эн тэнцүү хангаснаар илүү урт хугацаанд ажиллана. Мөн далд уурхайн олборлолтыг нэг өдрийн ч болов өмнө эхлүүлснээр зэсийн өндөр үнийн цонх үеийг ашиглах боломж бүрдэнэ. Хэлэлцээний ширээний ард суух талууд дээр дурдсан асуудлуудыг шийдэж эхлэх нь Рио Тинтод ч, монголын ард түмэнд ч тустай.   

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс