Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 86 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД 13, СЭЛБЭ ДЭД ТӨВД 14 ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА
Хурлын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай” тооцоо, судалгааг танилцууллаа. Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн. Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй.
НИЙСЛЭЛД 378 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыг үүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна. Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ.