Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2021 онд $10 тэрбумд хүрчээ
“Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголбанктай хамтран зохион байгуулав.
Бага хурлаар талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хоёр тал хоёр орны худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсний дагуу 2021 онд худалдааны хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлж, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” зэрэг хоёр орны урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, холбогдох салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг онцлов.
Арга хэмжээнд холбогдох яам, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.49 ам.долларт хүрсэн. 2021 онд Монгол улс дэлхийн 64 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.