Нэг ам.доллар 3087 төгрөгт хүрэх тооцоо хийжээ
Энэ онд нэг ам.доллар 3087 төгрөгт хүрэх тооцоог эдийн засагчид гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2848 төгрөгтэй тэнцэж байна. Алгуур өссөөр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ханш тогтворжсон. Гэвч энэ оны сүүлээр өсөх нь.
Учир нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг илтгэдэг инфляц өсөх хүлээлттэй байна. Жилийн дүнгээр инфляц улсын хэмжээнд 5.6 хувьд хүрсэн юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Сүүлийн нэг жилийн инфляцын хэлбэлзлийг харвал гурван удаа хасах үзүүлэлттэй гарсан ч оны эхнээс өсжээ. Дөрөвдүгээр сард иргэн бүрд 300 мянган төгрөг тарааснаар өрхүүдийн хэрэглээ их өссөн. Энэ нь хүнсний бараа, ус, ундааны үнэ сүүлийн нэг жилд хамгийн өндөр буюу 12 хувиар өссөнөөр илрэв.
“Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч энэ онд дунд хугацааны зорилтын орчимд (6 хувь) хадгалагдах төсөөлөлтэй байна. Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж, хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-д болсон уулзалтын үеэр мэдэгдсэн. Тэгэхээр Төв банк одоо 6 хувьд байгаа бодлогын хүүг өсгөх гэж яарахгүй юм байна.
Энэ нөхцөлд ханшийн өсөлтийг гадаад валютын албан нөөцөөр тогтоон барих нь. Манай Улсын гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн.