"Эрдэнэт” үйлдвэр цахилгаан, ус, хогны төлбөрт нийт нэг их наяд төгрөг зарцуулна
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бүх өрх, зарим салбарын ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ оныг дуустал төлнө. Үүнд нийт нэг их наяд төгрөг төлөх юм.
Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард дээрх шийдвэрийг гаргасан. Уул уурхай, банк санхүү гэх мэт есөн салбараас бусад салбарын ААН энэ хөнгөлөлтөд хамрагдаж байна.
Энэ оны эхний зургаан сард “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгийг цахилгаан, дулаан, усны төлбөрт зарцуулсан. Засгийн газар шийдвэрээ сунгаснаар нийт нэг их наяд төгрөг төлөх боллоо. Ингэснээр тус үйлдвэрийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, томоохон төслүүдэд нөлөөлсөн нь дамжиггүй. Тухайлбал Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. Энэ төсөлд 1.8 их наяд төгрөг зарцуулан, зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.
Мөн тус үйлдвэрийн ажилчдын дийлэнхийг залуус бүрдүүлэх болсон тул “Уурхайчин-1, 2, 3” цогцолбор хороолол барих ажлыг эхлүүлсэн юм.