• Танхимын мэдээ
  • УБХТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОРДОС ХОТЫН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УБХТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОРДОС ХОТЫН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025/01/02

БНХАУ, тэр дундаа ӨМӨЗО-ы бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчдийн хамгийн идэвхтэй харилцдаг бизнес түншүүд байдаг билээ.

Улаанбаатар хотын Худалдааны Танхим ч БНХАУ-ын ӨМӨЗО-ы хотуудтай харилцаа, холбоотой ажилладаг. Энэ удаад УБХТ-ын Ерөнхийлөгч Баатарсайхан ӨМӨЗО-ы Ордос хотын Засаг дарга, Ордос хотын хамгийн том дүүрэг болох Дуньшин дүүргийн Засаг дарга, бусад төлөөллүүдтэй уулзаж, хоёр хотын бизнесийн байгууллагуудын хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Ордос хот нь 2 сая 200 мянган хүн амтай ба аялал, жуулчлал, бизнесийн том гол хот бөгөөд улсдаа эдийн засгийн индекс болон ноос, ноолуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бүс юм байна. Тэр дундаа Дуньшин дүүрэг нь Ордосын хүн амын 25 хувь нь оршин суудаг бөгөөд эдийн засгийн томоохон дүүрэг юм байна.

Ордос хот нь ӨМӨЗО-ы эдийн засгийн гүүр болдог хотын хувьд Ордос хотоор дамжуулан эх газрын Хятадтай холбогдох гүүр болох боломжтой гэж Засаг дарга хэлэв. Учир нь Ордосын ноолуурын үйлдвэрлэл БНХАУ-ын 30 хувийг хангадагаас гадна тээвэр, хөрөнгө оруулалтын орчинд уян хатан нөхцөлтэй учир Монголын бараа, бүтээгдэхүүн худалдаалагдах бүрэн боломжтой гэнэ.

УБХТ-ын Ерөнхийлөгч Баатарсайхан уулзалтаар БНХАУ ба Монголын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буй учир Ордос хот ба Улаанбаатар хотын эдийн засаг, зах зээлийн тухай мэдээлэл солилцож, УБХТ-ын гишүүд гэлтгүй бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг холбож, цаашид хамтарч ажиллахаар харж буйгаа илэрхийлсэн юм.

Үндсэн цэс