"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-д бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын форумыг 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Уг форумын үндсэн зорилго нь нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниудад хотын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээлэл өгөх, урьж оролцуулах, хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг тодорхойлоход оршино.
Бид энэ удаагийн форумыг Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” нэртэйгээр Яармаг дахь нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд зохион байгуулах гэж байна.
Тус форумын үеэр төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулахаас гадна Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон нийт, хувийн хэвшлийнхэнд танилцуулах болно.
Форумд оролцох бизнес эрхлэгчид та бүхэн энд дарж бүртгүүлнэ үү.