Банк санхүү, технологийн оройлогч компаниуд стратегийн түншлэлийн харилцаагаа дараачийн шатанд гаргаж байгаагаа зарлав
Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард), ГрэйпСити Монгол ХХК (Грэйп), МОСТ ФинТек (МОСТ) стратегийн түншлэлийн гэрээг 2017 онд байгуулж байсан бол өнөөдөр энэхүү санаагаа баталгаажуулж, дараачийн шатны хамтын ажиллагааг эхлүүлснээ зарлав.
Грэйп нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Монголын 13 арилжааны банкны 12 нь тус компанийн програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашигладгаас 10 нь Грэйпын банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Грэйп нь олон улсад гарч өрсөлдөх алхмуудыг хийж эхлээд байгаа билээ.
МОСТ нь үндэсний хэмжээний төлбөр тооцооны онлайн дэд бүтэц байгуулах зорилгоор 2008 онд байгуулагдсан, Монголбанкнаас олгодог төлбөр тооцооны сүлжээний операторын анхны бөгөөд цорын ганц лиценз эзэмшигч, Монголын анхны финтек компани бөгөөд нэг сая гаруй хэрэглэгчтэй Ард Аппын төлбөрийн үйлчилгээний дэд бүтцийг хангаж ажиллаж ирсэн юм.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Грэйп, МОСТ компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгохын өмнөх шатны хөрөнгө оруулалт буюу pre-IPO раундад бусад стратегийн хөрөнгө оруулагчдын хамтаар Ард оролцох болсон бол IPO-ны андеррайтераар Ард Секюритиз ажиллахаар боллоо. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл дээр анхны нээлттэй технологийн компанийн хувьцааг олон түмэн авч оролцох боломж нээгдэж байна.
Ийнхүү Монгол Улсын банк санхүү, төлбөр тооцооны програм хангамжийн тэргүүлэгч компани, салбартаа түүчээлэгч финтек компаниуд нэгдсэнээр харилцагчдад санхүү ба технологийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэхэд дөхөм болох юм.
Грэйпын үүсгэн байгуулагч, Мостын ТУЗ-ийн дарга, Монголын ахмад программист А.Сүхдорж нь 1991 онд Монгол Улсын анхны мэдээлэл технологийн компани болох БСБ группыг үүсгэн байгуулж, 2000 онд банк санхүү, төлбөрийн шийдлийн программ хангамжийн компани болох Грэйпыг үүсгэн байгуулж, 2001 онд сансрын холбооны үйлчилгээ үзүүлэгч Инкомнет ХХК-ийг байгуулж байжээ. Тэрээр Монголын мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн түүчээлэгч бөгөөд банк санхүү, төлбөрийн секторын хөдөлгөгч хүч болсоор ирсэн юм. Тэрээр өнгөрсөн 40 жилийн хугацаанд олон тооны амжилттай төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 2008 онд улсын хэмжээний анхны төлбөрийн үйлчилгээний оператор компанийг байгуулж, 2012 онд цахим төлбөр тооцооны МостМони мобайл хэтэвч үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн юм.
Активаар жигнэсэн үзүүлэлтээр харвал банкны программ хангамжийн дотоодын зах зээлийн 83 хувь нь Грэйпд ногдож байна. Бичил санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлд зориулсан ПОЛАРИС системийг 150 орчим ББСБ, ХЗХ, бичил санхүүгийн байгууллага ашигладаг ба банкны салбарт эзэлж байгаа энэхүү онцгой байр суурь дээрээ түшиглэж МОСТ платформыг нийтийн хүртээл болгоод байгаа билээ.
Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
- MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
- MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
- MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
- MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
- MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com
ГрэйпСити Монгол ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 22, Ш/х 48/06, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 75756622
И-мэйл хаяг: mongolia@grapecity.mn
Вэбсайт: grapecity.mn
МОСТ Финтек ХХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, АОС №1, 4 давхарт
Утас: 327210
И-мэйл хаяг: online@most.mn
Вэб сайт: www.most.mn