ЦАР ТАХЛЫН УЛМААС БИЗНЕСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА УНАЛТТАЙ ХЭВЭЭР БАЙНА
Цар тахлын улмаас бизнесүүдийн үйл ажиллагаа уналттай хэвээр, орлогын сэргэлт удаан байгааг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны хамтарсан судалгаа харууллаа.
Учир нь хувиараа бизнес эрхэлдэг өрхүүдийн 82 хувь нь бизнес эрхлэх боломжгүй болсон байна. Үүнд Засгийн газрын шийдвэр болон “Covid-19”-ийн тархалт голлон нөлөөлсөн гэж судалгаанд хамрагдсан иргэд хариулжээ. Мөн 88 хувь нь цар тахлын өмнөх үеэс орлого нь буурсан төдийгүй, бизнесийн орлогын сэргэлт удаашралтай байгааг тодотгосон байна.
Үүнээс гадна гурван өрх тутмын хоёрынх нь орлого цар тахлын өмнөх үеэс бага түвшинд хэвээр байгааг энэ судалгаанаас онцолж болохоор байна.
2020 оны 12 дугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд хөдөө, орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж мэдэгдэхүйц сайжирсан бол нийслэлд “Covid-19”-ийн халдварын тохиолдол огцом нэмэгдсэн учир хот, суурин газарт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн өсөлт бага байжээ.