Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнийг НЭМЭХГҮЙ
Шатахууны үнэ маргаашаас өсөхгүй гэж АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.
Тэрээр, "Өнөөдөр АМГТ болон УУХЯ-нд тодорхой ААН-үүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд тархаж байгаа шиг 600 хүртэлх төгрөгөөр өсөхгүй.
Яагаад гэвэл 2021 оны гуравдугаар сард гарсан ЗГ-ын тогтоолоор Монгол Улсын нөөцийг 30 мянган тонноор АИ92 бензинийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АИ92 бензинийг 1450 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Тиймээс маргаашаас үнийн өсөлт явагдахгүй.
Нийт шатахуун ашиглалтын 33 хувьд нь АИ92 авто бензинийг хэрэглэдэг. Иргэдийн 60-70 хувь нь вакцинд хамрагдтал АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх бодлого барьсан. Маргааш үнэ өсөхгүй. Хэрвээ ААН-үүд тодорхой хэмжээнд үнийг өсгөвөл хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна." гэв.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: "Үе үеийн ЗГ-ууд шатахууны үнийг барихын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс импортлогчдод тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэх байдлаар татвар, үнийг зохицуулж ирснийг та бид сайн мэднэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл зах зээлийн аргаар нь буюу хямдрах үед нь хямдарч, өсөх үед нь уян хатан хандаж ирсэн. Ковидын үед нийгэм-эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ЗГ-ын зүгээс нөөц бүрдүүлэх байдлаар импортлогчдод нэмэхгүй байх зохицуулалтыг хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнэ хямдарч байсныг та бид сайн мэднэ. Энэ удаад шатахууны үнийг нэмэхгүй байх бодлогыг ЗГ барьж явж байгаа. " гэлээ.