Д.Сумъяабазар: Улаанбаатарын төлөвлөлтийг олон улсын түвшинд хамтарч хийхээр бэлтгэж байна
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын "Хот, хөдөөгийн сэргэлт" салбар хуралдаан боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар модераторын асуултад хариулсныг хүргэж байна.
-Шинэ сэргэлтийн бодлогод “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд түгжрэлийг бууруулах, их, дээд сургуулийг нүүлгэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг есөн зорилт тавьсан байсан. Хот, хөдөө ялгаагүй хүмүүс амьдарна. Үүнтэй Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд хэрхэн уялдаж байгаа вэ?
-Хамгийн тулгамдсан асуудал бол хот, хөдөөгийн сэргэлт. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явсан системээ үндсээр нь эргэн харах ёстой. Хотын асуудал бол 1.6 сая иргэний нягтаршил, эдийн засаг юм. Тиймээс эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн онд нийслэлийн төсөв 29 тэрбум төгрөг байсныг 900 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан. Тиймээс хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг юм. Хот, хөдөөгийн сэргэлтийг ярихын тулд эрх зүйгээр, үндэс сууриар нь хараач гэж хэлмээр байна. Улаанбаатар хот бол эдийн засгийн сэргэлтийн үе рүүгээ орж байна. Бидэнд маш их боломжийг хууль, эрх зүйгээр нээж өгсөн. Үүгээрээ Улаанбаатар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргана гэж бодож байна. Тиймээс зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ. Бид судалгаа, тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаад явж байна. Бидэнд маш их боломж бий, дааж давшгүй ачаа биш.
Нөгөөтээгүүр хязгаар нутаг, хөдөөгийн хөгжлийг давхар ярих хэрэгтэй. Хөдөөгийн хөгжил хоцрогдож байна. Бүсчлэлээ зөв тогтоож чадахгүй байна. Тиймээс системийн хувьд нь өөрчлөлт хийгээсэй гэж хүлээж байгаа. 21 аймагтай хотыг дүйх ямар ч боломжгүй. Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрсэн байна. ДНБ-ий 74 хувийг үйлдвэрлэж байна, 150 мянган аж ахуйн нэгж байна, их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа. Тиймээс зоригтой бөгөөд дорвитой шийдэл рүү ормоор байна. Шийдэл бол эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, системийг зөв болгоно.
-Хотыг чиглэх хүний урсгал буурахгүй байна. Их сургууль, аж үйлдвэр, томоохон захуудыг хотоос хэрхэн гаргахаар төлөвлөж байна вэ. Ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?
-Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар оруулахаар бэлтгэж байгаа. Дагуул хот Улаанбаатартайгаа уялдаж явах ёстой. Түүнээс орон нутгийн чанартай хотын зохион байгуулалттай дагуул хот байна гэвэл бүтэхгүй. Тиймээс эдийн засаг, тооцоо, судалгаа, төлөвлөгөөн дээр суурилсан дагуул хотыг бий болгох ёстой. Хотод газар байхгүй юм шиг хүмүүс боддог, тийм биш. Хотод газар зүй, байршлын орон зай хангалттай байгаа. Бид төлөвлөж чадахгүй байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийг олон улсын түвшинд хамтарч хийхээр бэлтгэж байна. Хотод олон боломж бий. Тиймээс Улаанбаатар хотын ирээдүйг гэрэлтэй харах ёстой. Учир нь өнгөрсөн жилийн хугацаанд дотооддоо хөрөнгө оруулалтыг 30 дахин тэлж чадсан. Одоо гадаадад эх үүсвэр гаргах, олон улсын хөрөнгийн зах зээлээс бонд босгохоор бэлтгэж байна. Улаанбаатар хотын үнэлгээг хийнэ. Шинэ төлөвлөлтөд 800 мянгаас 1.3 сая хүн амьдрах хотын төлөвлөлтийг хийхээр оруулж байгаа. Хувийн хэвшилтэйгээ эдийн засгийн хамтарсан зохион байгуулалтад орно. Энэ боломжгүй зүйл биш. Дэлхийн бүх хот хөгжлийн бондыг 20-30 жилийн хугацаатай гаргадаг. Улаанбаатар хот хөгжлийн бонд гаргахаар бэлдэж байгаа. Бидэнд бүх боломж бий. Улаанбаатар хот хөрөнгийн дутагдалтай байгаа. Тэрнээс түгжрэлийг бууруулах ажилд чадахгүй зүйл байхгүй. Түгжрэл, төвлөрлийг үе шаттай бууруулах хүч, бололцоо, боломж бий гэлээ.