Нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдана
Нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдах хандлага хэвээр байна гэж Монголбанкны зургаадугаар сарын инфляцын тайланд тусгасан байна. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө эрчимжихээргүй төлөвтэй байгаа аж.
Инфляц улсын хэмжээнд тавдугаар сард 3.3 хувь, Улаанбаатар хотод 3.5 хувьд хүрч сүүлийн дөрвөн сар дараалан буурав. Эрэлтийн талаас Төв банк, засгийн газраас авч хэрэгжүүлж буй хэрэглээг дэмжих арга хэмжээнүүд нь инфляцад эерэг нөлөө үзүүлэх хэдий ч КОВИД-19-ийн сөрөг нөлөө давамгайлж байна.
Нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ дөрөвдүгээр сард дунджаар 300 төгрөгөөр хямдарсан бол тавдугаар сард дахин 100 орчим төгрөгөөр буурав.
Түүнчлэн, нөөцийн махны хэмжээ нэмэгдсэн, махны экспортыг хязгаарласан нь сүүлийн саруудад махны нийлүүлэлт тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлж байна. Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл инфляц 2020-2021 оны туршид инфляцын зорилтот түвшнээс бага байх төлөвтэй байна.