Арбитрын танилцуулга

Мэндчилгээ

​Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын цахим хуудсанд зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Даяаршил хурдацтай явагдахын хэрээр олон улс дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт эрчимтэй хөгжиж байна. Үүний зэрэгцээ хамтын ажиллагаанд зайлшгүй дагалддаг бизнесийн маргаанаа талууд зардал, чирэгдэл ихтэй, цаг хугацаа их шаарддаг шүүхийн аргаар бус, харин мэргэшлийн, хөндлөнгийн, хараат бус этгээдээр буюу арбитраар шийдвэрлүүлэх хандлага ч мөн дэлхий даяар нэмэгдэж байна.

Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд талууд шүүгчээ сонгох, маргаан шийдвэрлэх ажиллагааны журам, аргыг сонгох боломжгүйгээр барахгүй, шүүхээс тогтоосон хатуу дэгийн дагуу хэдэн сар, жил ч үргэлжилж болох давж заалдах, хяналтын гээд олон шат дамжлагыг давах шаардлагатай тулгардаг.

Бизнесийн маргааныг шүүхээс гадуур хянан шийдвэрлэх арбитрын тогтолцоо бол маргагч талуудын чөлөөт тохиролцооны үндсэн дээр шуурхай, харьцангуй бага зардал, хялбар процессоор хянан шийдвэрлэх боломжийг талуудад олгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл маргаанаа шийдвэрлэх арбитрчаа сонгох, тодорхой үндэслэл байвал арбитрчаасаа татгалзах, маргаан шийдвэрлэх ажиллагааны журмыг тохиролцох, арбитрын ажиллагаа явуулах газар, хэлээ сонгох, мөн маргаанаа шийдвэрлэх хэлбэрээ сонгох гэдэг нь талуудын хувьд чөлөөт сонголт байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдийн цаг зав, зардал мөнгийг хэмнээд зогсохгүй бизнесийн нэр хүндээ хамгаалах чухал ач холбогдолтой юм.

УБХТ-ын дэргэдэх Арбитр маргаан хянан шийдвэрлэх журмаа Олон улсын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын журамд нийцүүлэн боловсруулснаа Та бүхэнд дуулгахад таатай байна.

Олон Улсын болон үндэсний хууль тогтоомж, дүрэмд нийцсэн арбитрын ажиллагааг мэргэжлийн баг өндөр хариуцлагатай зохион байгуулах нь арбитрын шийдвэр хүчин төгөлдөр болох, заавал биелэгдэх үндэслэл болдог.

Олон улсын бизнесийн маргааныг зөвхөн хувь хүмүүсийн хоорондын маргаан гэж үзэхээс илүүтэй улс хоорондын соёл, үнэт зүйлс, системийн зөрчилдөөнтэй ч холбож тайлбарлах хандлага бий болж байна. Иймд олон улсын эрх зүйн тогтолцооны төлөөлөл бүхий, хараат бус, мэргэшсэн арбитрчдаар маргаанаа шударга шийдвэрлүүлэх нь бизнесийн орчны шаардлага болоод байна. 

Бид арбитрчдын бүрэлдэхүүнээ уул уурхай, дэд бүтэц, барилга, хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн арбитрчдаас бүрдүүлсэн. Манай олон улсын арбитрч хуульчид  Австрали, Канад, Сингапур, Европын Холбооны Улс, Швейцар, АНУ болон Англи гэх мэт нийтийн болон иргэний эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын төлөөллөөс бүрдсэн.

Аливаа хамтын ажиллагааны амин сүнс нь гэрээ, хэлцэл юм. Гэрээ бол аливаа боломжит хийгээд учирч болзошгүй эрсдэл нөхцөл байдлыг тооцоолон үнэлж тусгах нь эрх зүйн үр дагаврын хувьд чухал ач холбогдолтой. Итгэлцэл дээр үндэслэж хамтын ажиллагааг эхлүүлдэг, итгэл алдвал яах вэ, өөрийнхөө эрх ашгийг хэнээр, яаж хамгаалуулах тал дээр зөв шийдлийг гаргах нь гагцхүү Таны сонголт юм.

Та манай цахим хуудсанд зочилсноор хуульд нийцсэн бизнесийн гэрээ, хэлэлцээрийн загварыг үйл ажиллагаандаа ашиглах, эрх зүйн туслалцаа, байгууллагын чиг үүрэгтэй холбоотой болон бидний үйл ажиллагааны талаарх цаг үеийн бүхий л мэдээ мэдээллийг авч чадна гэдэгт итгэж байна.

Бид хараат бус, итгэл хүлээх, шударга байдлыг эрхэмлэж ажилладаг билээ. Тэр утгаараа авилгагүй, хүнд сурталгүй үйлчилгээгээрээ үлгэрлэн манлайлах болно.