Бизнесийнхэн үнээ нэмэхгүй, төр татварын зохицуулалт хийхээ амлалаа

Коронавирусын тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоож, хил хааснаар хүнсний гол нэрийн бараа, амны хаалтны үйлдвэрлэлт, нийлүүлэлт ямар байгаа, нөөц, татан авалтад ямар хүндрэл учирч байгаа асуудлаар УИХ-ын дарга Б.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

МҮХАҮТ-аас эдгээр үйлдвэрлэгч, импортлогчидтой удаа дараа уулзаж, саналуудыг нэгтгэн УИХ, холбогдох газруудад хүргүүлж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаас гарсан саналуудыг мөн нэгтгэн УИХ-д дарга хүлээлгэн өгч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг тоймлобол,

  • Амны хаалтны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх
  • Гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах
  • Тээвэрлэлтээс маш их цаг хугацаа алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөх
  • Зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах
  • Валютын нөөцийг нэмэгдүүлэх

УИХ-ын дарга Б.Занданшатар, "Хүндрэлийг нийт ард түмнээрээ хамтдаа давна. Нээлттэй ярилцаж, үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах арга хэмжээ авч байгаад баярлалаа. Бүх асуудлыг судалж зохих шийдвэрүүдийг гаргана. Маргааш энэ асуудлаар өргөтгөсөн хурал хийнэ" гэлээ.

“Мөнхийн Тун” ХХК ТУЗ-ийн дарга Д.Батхишиг: Амны хаалтны түүхий эдийн үнэ 3 ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн байна. Амны хаалтны гаалийн татварыг чөлөөлсөн ч түүхий эдийн татварыг чөлөөлөөгүй нь үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал болон хорионы хугацаанд түүхий эдийн татварыг чөлөөлж өгнө үү.


"Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржханд: Монгол Улс жилд 240.000 тонн гурил хэрэглэдэг. Үүнд 360.000 тонн улаанбуудай шаардагддаг. Өнөөдрийн байдлаар 12.000 тонн гурил, 45.000 тонн улаанбуудайн нөөц байна. Энэ нь 2, 3-р сард л хүрэлцээтэй. Оросоос авч байгаа буудайны үнэ нэмэгдсэн. Бид үнээ нэмэхгүйг хичээж байгаа ч үндсэн өртөг нэмэгдээд байна. Стратегийн хүнс гэдгэээрээ буудайн татвар дээр хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид улсын хэмжээнд 3 сарын гурил, буудайны нөөцтэй байхыг хуульчилмаар байна.


Сүү ХК-ийн Ерөнхий захирал Мандхай: Малчдын сүү хомсддог өвлийн улиралд манай түүхий эдийн тодорхой багахан хувийг импортын хуурай сүү эзэлдэг. Хуурай сүүн дээр гааль, НӨАТ нийлээд 15,5 хувийн татвар төлж байна. Үүнийг хорионы хугацаанд, одоо сүү эрэлттэй байгаа энэ үед хойшлуулах боломж байгаа юу? Мөн банкууд долларын зээлээ хаасан байна, хүү шимтгэл өндөр байна, хугацааны алданги тооцож байгааг анхаарна уу.


Баяржавхлан ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мэндбаяр: Оросоос татаж байгаа цагаан будааны үнэ өндөр, Вьетнамаас авч байгаа шилжүүлэн ачилт Хятадад үүссэн нөхцөл байдлаас болж маш их хугацаа алдаж байна. Гаалийн татварыг төлөхгүй гэж байгаа биш төлнө, гэхдээ 2 сараар ч юм уу хойшлуулж, эхний борлуулалт хийсний дараа төлөх байдлаар зохицуулж өгнө үү.


“Алтан жолоо” Группын Ерөнхийлөгч В.Энхбаатар: Стратегийн хүнс болох гурил будаа зэргээс бусад хүнсний бүтээгдэхүүний 2,3 сарын нөөц бий. Хэрвээ компаниуд гурил будааг их хэмжээгээр татаж оруулж ирвэл бүтээгдэхүүний илүүдэлд орж алдагдал хүлээж магадгүй гэж болгоомжилж байгаа учир гаалийн татвар, тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь валютын өсөлттэй шууд холбоотой болохоор ханшийн өсөлтийг барихад яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй.


“Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл: Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрийн хувьд түүхий эд материалын сарын нөөц байгаа бөгөөд сарын дараа нөөцгүй болох эрсдэл байна. Манай үйлдвэрийн хувьд хамгийн анх үнээ нэмэхгүй гэж олон нийтэд зарлаж, үйлдвэрлэгч олон оо бас уриалсан. Иймд, үнэ ээ огт нэмээгүй, нэмэхгүй ч хичээж ажиллаж байгаа. Хэцүү нөхцөл байдал үүссэн энэ үед засгийн газраас дэмжлэг үзүүлэн стратегийн бүтээгдэхүүн болох гурил, тос, элсэн чихэр, будаа, буудай зэрэг бүтээгдэхүүнүүдийн татваруудыг 2-3 сар чөлөөлчихвөл үйлдвэрлэгч бид нарт их нэмэр болох юм.

 
 

Шинэ мэдээ