Эдийн засгийн хүндрэлийг алтны өгөөжөөр давах боломж байна

  • Алтны хууль бус худалдааг цэгцэлж чадвал валютын нөөц нэмэгдэх нь гарцаагүй
  • Эргэн сануулахад, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед алт л улс орнуудын гол найдвар нь болж байлаа

Дэлхийн 80 гаруй улс алт олборлодог боловч түүний гуравны хоёрыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, АНУ, БНХАУ, Австрали, Перу, ОХУ, Канад, Индонез улс олборлож байна. Эдгээр улс хадгаламжийн таваар гэгдэх алтны зах зээлийн нийлүүлэлтийг тодорхойлдог гэсэн үг. Алтны хэрэгцээний өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Хүмүүсийн амьжиргааны чанар сайжрах тусам гоёл чимэглэлийн үйлдвэрлэл өсөж, алтны хэрэгцээ нэмэгддэг. 

Тухайлбал, Энэтхэг болон газрын тосны нөөцөөрөө алдартай Булангийн орнуудад алт тансаг хэрэглээ болжээ. Тэрчлэн техник технологийн хөгжлийн хурдыг дагаж аж үйлдвэрийн хэрэгцээ нэмэгдэх болсон. Удаах нь эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулалтыг хамгаалах найдвартай хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа алтны хэрэгцээ, үнэ өссөөр байна. Эргэн сануулахад, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед алт л улс орнуудын гол найдвар нь болж байлаа. Тэгвэл дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирусийн үед олон улсын таваарын зах зээл ихээхэн өөрчлөлттэй байна. 

Газрын тос, зэс, төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш уралдан уруудсаар байгаа бол алтны компаниуд уг донсолгооноос хамгийн бага хохирол амсахаар байна. Санхүүгийн тусгаар тогтнолын баталгаа болдог алтны төлөв энэ онд харьцангуй эерэг байгаа юм. Энэ улирлын хувьд авч үзэхэд, хамгийн сайн гүйцэтгэлтэй түүхий эд алт байхаар байна. Дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчид алтны үнийн төсөөллийг танилцуулсан бөгөөд 2020 онд шар металлын ханш унц нь 1500 ам.долларт хэлбэлзэнэ гэж шинжээчийн олонх таамагласан юм. Bloomberg-ийн мэдээлснээр, даваа гарагт унц алт 1582 ам.доллар болж, энэ өдөр 0.25 хувиар буурав. Манай улсын хувьд он гарснаас хойш алтны тушаалт тав дахин нэмэгдээд байна. 

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын байдлаар, төв банк 3.5 тонн алт худалдан авсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 2.9 тонноор илүү төвлөрлөө. 2012 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, борлуулалтын орлогоос 2.5 хувиар тооцох болсноор 2018 он хүртэл төв банкинд тушаасан алтны хэмжээ долоо дахин нэмэгдсэн. Харин хуулийн үйлчлэх хугацаа 2018 онд дуусгавар болоход өнгөрсөн онд алтны тушаалт эрс хумигдсан билээ.

Тиймээс алтны салбарынхан итгэл үзүүлж, дээрх хуулийн хөнгөлөлт үзүүлсэн юм. Ингэснээр жилд 700 орчим сая ам.долларын нөөц бүрдэж, төгрөгийн ханш тогтвортой байх баталгаа болсон билээ. Гэхдээ алтны татвар таван хувь болсноос хойш алт хууль бусаар хил гаргах гэж завдсан хэрэг цөөнгүй бүртгэгдсэн. Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх “Алт хууль бусаар хилээр нэвтрүүлэх үйлдэл гарсаар байна” хэмээн мэдэгдэж байсан. Үүнээс гадна өнгөрсөн онд алтны 30 гаруй лиценз цуцалсан нь алт тушаалт 2018 онтой харьцуулахад 2019 онд буурахад нөлөөлжээ. Өнгөрсөн онд нийт 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтынх байв. 

Нүүрсний экспорт зогссон энэ үед алтны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө өсгөх боломж байна. Хууль бус худалдааг өөгшүүлэх бус дотооддоо авч үлдэх нэг арга нь татварын хөнгөлөлт болж байлаа. Эдийн засгийн хүндрэлийн үед дэлхийн улс орнууд алтанд ач холбогдол өгдөг бөгөөд тэр хэрээр алтны ханш өсдөг. Тэгвэл алт руу хошуурдаг хүнд үе нь өдгөө тохиогоод байна. Хэрэв алтны салбараа дэмжиж чадвал жилд тэрбум ам.доллар олох боломж бидэнд байгаа юм.

Шинэ мэдээ