Дональд Трамп: Дэлхийн худалдааны дүрмийг өөрчилнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Давосоос буцахаасаа өмнө ээлжит сонгуулиас урьтаж Европын Холбоотой худалдааны шинэ хэлэлцээр хийхээр зорьж байгаагаа зарлалаа.

Мөн Дэлхийн худалдааны байгууллагын зохион байгуулалтыг шинэчлэх шахалт үзүүлэхээ мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Та бүхний мэдэж байгаачлан би Дэлхийн худалдааны байгууллагатай нэлээн удаан маргалдаж байгаа. Учир нь АНУ-д шударгаар үйлчлэхгүй байна. БНХАУ-ыг хөгжиж буй орон гэж тодорхойлдог. Энэтхэгийг ч хөгжиж буй орны ангилалд багтааж байна. Харин биднийг энэ ангиллаас хассан. Минийхээр бол АНУ ч бас хөгжиж байгаа улс.

Хэдий тийм боловч түрүүн дурдсан орнууд хөгжиж буй гэх тодорхойлолтдоо түшиглэн асар их давуу тал олж авсан. Харин манайд энэ давуу тал алга. Ингэх ёсгүй ч нөхцөл байдал өнөөдөр ийм л байна. Тиймээс хэлцлийн цоо шинэ бүтцийн талаар зөвлөлдөж байна. Дэлхийн худалдааны байгууллага маш олон жил дараалан АНУ-д шударга бус хандаж ирлээ. Эс бөгөөс БНХАУ нь БНХАУ биш байх байлаа.

БНХАУ өнөөгийн түвшинд хүрэх боломжгүй байсан. Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэсэн. Тэд сайн ажилласан. Харин манай удирдагчид тэдэн шиг сайн ажиллаж чадсангүй. Гол нь түрүүн хэлсэнчлэн энэ боломжийг бүрдүүлсэн талбар нь Дэлхийн худалдааны байгууллага. Роберто Азеведо бид хоёр нөхөрсөг харилцаатай, өнөөгийн нөхцөлийг өөрчлөх том алхам хийнэ. Ойрын хугацаанд, магадгүй ирэх долоо хоногт Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцана, ажиллана” гэж мэдэгджээ.

Мөн хоёрдугаар шатны худалдааны хэлэлцээний хүрээнд Хонгконгийн хүний эрхийн асуудлыг зөвлөлдөж байгааг хэллээ. Дэлхийн хамгийн том газрын тос олборлогчид Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр хаалттай уулзалтууд хийсэн байна. Энэ нь хүлэмжийн хийг бууруулах хөрөнгө оруулагчид, идэвхтнүүдийн шахалт ямар хүчтэй байгааг илтгэж байгаа юм.

“Royal Dutch Shell”, “Chevron”, “Total”, “Saudi Aramco”, “BP”-ийн оролцсон хаалттай уулзалтаар зөвхөн олборлолтын явцад ялгарах хийг бууруулаад зогсохгүй худалдаж байгаа түлшнээс нь ялгарах хийг бууруулах хувилбарын тухай ярилцсан байна. Катарын Баялгийн сангийн Гүйцэтгэх захирал л гэхэд илүү ногоон хөрөнгө оруулалтаа нэмж, нүүрсний төслүүдээс татгалзаж байгаагаа Давосын чуулганд оролцохдоо мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg.mn

Шинэ мэдээ