Залуус нийгмийн асуудлыг шийдвэрлэх төслүүд боловсруулжээ

Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан "Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөр"-ийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ.

Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрт хамрагдахаар 603 хүн бүртгүүлснээс 35 залуу шалгарсан байна. Тэд дараах асуудлыг шийдвэрлэхээр таван багт хуваагдан төсөл боловсруулжээ. Эдгээр нь

  • Тамхины ишгүй Улаанбаатар
  • Үүсмэл хогийн цэгийг бууруулах
  • Бэлгийн дарамтын эсрэг хуулийн мэдлэг мэдээлэл түгээх
  • Олон нийтийн газар нус, цэрээ хаяхгүй байхыг уриалах
  • Сургуулийн орчныг цэвэр цэмцгэр байлгах юм. 

Хөтөлбөрийн зорилго нь асуудлыг шийдэх эцсийн хувилбарыг гаргахад чиглээгүй. Шинэ саналыг л дэвшүүлж байгааг зохион байгуулагчид хэлж байв.

 Хэрэгжиж эхэлснээс энэ хүртэлх хугацаанд төсөл хэрхэн боловсруулах, багаар ажиллах, холбогдох мэдээллүүдийг эрэн хайх, гаргасан хувилбараа үнэлэн дүгнэх зэрэг олон талын чадварт суралцсанаараа ихээхэн үр өгөөжтэй байсныг оролцогчид тодотгосон юм. Түүнчлэн баг бүр тухайн чиглэлийн мэдлэг, туршлагатай зөвлөхтэй байсан нь ихээхэн дэмтэй байсан гэлээ. 

Долоон долоо хоногийн турш зөвлөлдөж, боловсруулсан төслөө тэд нийслэлийн удирдлагуудад танилцуулан, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх аж.