Газрын тосны үнэ огцом өсөж, баррель нь 71.95 ам.долларт хүрэв

~Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ есдүгээр сарын 16-ны байдлаар огцом өслөө. Лондоны ICE бирж дээр арилжаа нээгдэх үеэр Brent маркийн түүхий эдийн үнэ шууд 19.5 хувиар өсч, нэг баррель нь 71.95 ам.долларт хүрэв. Энэ нь 2019 оны тавдугаар сараас хойших өндөр үзүүлэлт ажээ.

Арилжааны дунд үед газрын тосны үнэ 65 ам.долларт хүрч буурчээ. Гэсэн хэдий ч газрын тосны үнэ сүүлийн саруудын хамгийн дээд үзүүлэлтэд ойрхон очсон нь хөрөнгө оруулагчдад гэнэтийн "бэлэг" болов.

Шинжээчид газрын тосны үнэ огцом нэмэгдэх болсныг Саудын Арабын газрын тосны объект дэлбэрсэнтэй холбон тайлбарлаж байна. Есдүгээр сарын 14-нд буюу бямба гаригт нисгэгчгүй агаарын хөлөг Saudi Aramco компанийн газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт халдсан. Халдлагын улмаас төрийн өмчит корпораци өдрийн 5.7 сая баррель газрын тосны олборлолтоо зогсоожээ. Энэ мэтчилэн тус хаант улсын газрын тосны үйлдвэрлэл хоёр дахин буурсан гэж Эрчим хүчний сайд Абдель-Азиз бен Сальман мэдээлжээ.

Дэлхийн зах зээлийн газрын тосны экспортлогч гол орны олборлолт уналт орсон нь хөрөнгө оруулагчдад гэнэтийн цохилт болов. Зах зээлийн тоглогчид эрчим хүчний нөөц тасалдахаас эмээж буй бөгөөд арилжаа ч өсөх хандлага ажиглагджээ.

“Баасан гаригт арилжааны хаалтын үнэ даваа гаригтай харьцуулахад ойролцоогоор 20 хувийн ялгаа ажиглагдаж байна. Энэ нь фьючер зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Газрын тосны дэлхийн зах зээл өдөрт зургаан сая баррелийн алдагдалд орж байгаа бөгөөд одоогоор хэзээ сэргэх нь тодорхойгүй байна. Энэ төрлийн эрсдэлийг хөрөнгө оруулагчид урьдчилан таах боломжгүй. Иймээс тоглогчдоо Саудын Арабын тогтворгүй байдлаас гаргахын тулд үнээ 5-10 ам.доллараар нэмж байна” гэж QBF-ийн шинжээч Олег Богданов RT-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Саудын Арабын Эрчим хүчний сайдын хэлж буйгаар, алдагдалын тал хувийг хаант улсын нөөцөөс нөхөх боломжтой аж. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газар есдүгээр сарын 16-ны даваа гаригийн оройноос газрын тосны үйлдвэрлэлийн гуравны нэгийг сэргээхээр тооцоолж буй талаар "The Wall Street Journal" мэдээлж байна. Гэсэн хэдий ч хохирлыг барагдуулах ажил урт удаан хугацаанд үргэлжилнэ гэж шинжээчид мэдээлэв.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлтийн түвшинг хэвийн байлгахад дэмжлэг үзүүлэхийн тулд АНУ өөрийн түүхий эдийн стратегийн нөөцөө ашиглахаар төлөлөж байна. Энэ тухай ням гаригт Дональд Трамп твиттер хуудастаа жиргэжээ.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн хэлж буйгаар, өнөөдрийн байдлаар газрын тосны дэлхийн нөөц Саудын Арабын буурсан олборлолтыг нөхөхөд хангалттай хүрэх боломжтой аж. Үүний зэрэгцээ бямба гаригт болсон үйл явдал нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд шууд нөлөөлнө гэж ОХУ үзжээ. "Saudi Aramco"-д халдсаны дараа ОХУ өөрийн газрын тосны объектуудынхаа хамгаалалтын түвшнийг нэмэгдүүлсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.

ХАЛУУН ЦЭГ

Саудын Арабын олборлолт буурсан нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал улам хурцдахаас эмээж байна. Учир нь, "Saudi Aramco" компанийн газрын тосны үйлдвэрт гарсан халдлагын хариуцлагыг Йемений хусит босогчдын зэвсэгт бүлэглэл үүрэв. Тус босогчдын албан ёсны төлөөлөгч Яхья Сари "Al Masirah" телевизээр ярихдаа газрын тосны үйлдвэрт гарсан энэ мэтчилэн халдлага Йемен дэх дайн дуусах хүртэл үргэлжилсээр байх болно гэсэн юм.

2014 онд Йеменд иргэний дайн эхэлсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч, Засгийн газар нь нийслэлээс зугтаж, гаднын тусламж хүссэн билээ. Энэ хооронд бүс нутагт хуситууд ноёлж эхэлсэн. 2015 онд долоон улсын эвсэл /Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс, Кувейт, Марокко, Судан, Египет болон Саудын Араб/ хуситуудын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн удаатай.

Энэ үед АНУ Саудын Арабын газрын тосны объект руу халдсан халдлагад Ираныг буруутгаж байна. АНУ-ын сенатор Линдси Грэмийн мэдэгдэж буйгаар, дээрх нөхцөл байдлын хариуд АНУ Ираны газрын тос боловсруулах үйлдвэрт халдах хэрэгтэй гэв. Энэ тухай тэрбээр өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн билээ.

АНУ Ираны зөрчилдөөний хурцадмал байдал Ойрхи Дорнодод газрын тосны нийлүүлэлт тасалдахад хүргэж болзошгүй. Учир нь, АНУ Иран руу дайсагнасан мэдэгдэл хийж буй нь газрын тосны зах зээлд хүнд цохилт болно гэж судлаачид дүгнэж байна. Энэ мэтчилэн Саудын Арабын сэргэлтэд сөргөөр нөлөөлнө гэв.

Шинжээчдийн үзэж буйгаар ойрын сард газрын тосны үнэ баррель нь 64-68 ам.долларт хэлбэлзэнэ гэв. Хэрвээ бүс нутагт нөхцөл байдал тогтворжвол газрын тосны үнэ 59-62 ам.долларт хүрнэ.

ОХУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

ОХУ-ын санхүүгийн зах зээл газрын тосны үнийн өсөлтөд эерэг хариу үзүүлэв. Москвагийн биржийн арилжаа есдүгээр сарын 16-нд нээгдэхэд ам.долларын ханш анх удаа наймдугаар сараас хойш 64 рубль болж, 0.9 хувийн бууралт ажиглагджээ. Харин Еврогийн ханш 1 хувиар өсч, 70.5 рубль болжээ.

Арилжааны дунд үед газрын тосны салбарын компанийн хувьцаа өсч эхлэв. Тухайлбал, "Роснефть"-ийн хувьцаа 3.51 хувиар, "Лукойл"-ын хувьцаа 2.75 хувиар, "Сургутнефтегаз"-ын хувьцаа 2.72 хувиар, "Новаэк"-ийн хувьцаа 2.27 хувиар тус тус өсөв.

Шинжээч Олега Богдановагийн үзэж буйгаар, сүүлийн үед газрын тосны үнэ Оросын мөнгөн тэмдэгтэд нөлөөлөх нь багасч буй аж. Гэхдээ түүхий эдийн арилжааны огцом хэлбэлзэл нь рублийн ханшид нөлөөлсөн хэвээр буй юм байна.

Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ 70 ам.долларын түвшинд тогтоосныг харгалзан үзэхэд Оросын мөнгөн тэмдэгтийн нэг ам.доллартай харьцах ханш 60-62 рубль, харин евро 68-69 рубль байна. Гэхдээ энэ хэлбэлзэл нь геополитикийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үзүүлэлтээс хамаарна гэв.
Эх сурвалж: news.mn

Шинэ мэдээ