Зарим зээлдэгч авсан зээлээрээ бусад арилжааны банк дахь чанаргүй зээлээ төлжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банзны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг олон нийтэд ил болголоо.

Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд Засгийн газрын шалгалт оруулах тухай тогтоол баталж, ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болсон юм. Ажлын хэсгийн шалгалт өмнөх шалгалтаас өргөн цар хүрээтэй, нарийн болсон учраас хоёр ч удаа хугацааг сунган ажилласан гэдгийг ажлын хэсгийн ахлагч мэдээлж байв.

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайланг хүргэж байна. 

Өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс гарсан бондын зарцуулалтын төслийг нэгтгэн харвал

  • 68 төсөлд 724.3 тэрбум төгрөг,
  • 250 төсөлд 1.8 их наяд төгрөг,
  • 1 төсөлд 145.4 тэбрум төгрөгийг тус тус олгожээ.

ЗЭЭЛЭЭРЭЭ АРИЛЖААНЫ БАНК ДАХЬ ӨРИЙН ҮЛДЭГДЛЭЭ ТӨЛСӨН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Хөгжлийн банк нь 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 4 их наяд төгрөгийн актив, 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шалгалтаар дараах ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ илэрчээ. Үүнд:

  • 2017 оны дөрөвдүгээр сараас хойш буюу Хөгжлийн банкны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон,
  • Зарим зээлдэгч нь авсан зээлээрээ бусад арилжааны банк дахь чанаргүй зээлийг өрийн үлдэгдлийг төлж барагдуулсан,
  • Үйл ажиллагаа явуулдаггүй, татварын “Х” тайлан гаргадаг аж ахуйн нэгжид зээл олгосон, зээл олгосны дараа мөн “Х” тайлан гаргаж буйд хяналт тавьдаггүй байна,
  • Зээлийн эргэн төлбөрийн хуваарьт зөрчил үүсэж, харилцагч зээлээ төлөхгүй байдал үүсэхэд ихэнх тохиолдолд зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зээлийн төлбөрийн зөрчлийг арилгуулах, төлүүлэх талаар дорвитой арга хэмжээ авдаггүй. Зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт буюу хугацаа сунгасан,
  • Гүйцэтгэх удирдлагаас төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргуулахаар зээлийн материалыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхдээ Зээлийн бодлого, Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байхад асуудлыг танилцуулдаг, мэргэжлийн судалгаа, дүгнэлт хангалтгүй хийснээс ТУЗ-ийн шийдвэр гаргахад хүндрэл учруулдаг,
  • Мөнгөн хадгаламж байршуулахад гүйцэтгэх захирал батлан, тус журмын дагуу арилжааны банкуудад мөнгөн хадгаламж байршуулах хэмжээнээс хэтрүүлэн байршуулах зэрэг бүхий л эрх хэмжээг гүйцэтгэх захиралд төвлөрүүлсэн нь гүйцэтгэх захирал өөртөө их хэмжээний эрх мэдэл олгосон шийдвэр болсон,
  • Хөгжлийн банкны одоогийн байрлаж буй байрыг худалдан авах ажлын хүрээд банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр ашиглах боломжтой хэд хэдэн барилгыг сонгон судалсан ба эдгээр байрыг санал болгосон үнэ нь Хөгжлийн банкны худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны байрны үнийн саналаас харьцангуй доогуур байсан ч хэт өндөр үнээр худалдан авсан тул тус асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн байна,
  • Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд буюу Хөгжлийн банкны өмнөх хуулийн хүрээнд тус банкнаас зээл олгохдоо зээлдэгчид давуу байдал олгож банкинд онц их хэмжээний хохирол учруулсан холбогдох ажилтан, албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж буй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ТУЗ-ын дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, бусад ажилтан, албан тушаалтнууд,
  • Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон 964.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 19 зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах. Тухайлбал, Кью Эс Си 161.5 тэрбум, Хөтөл ХХК 161.4 тэрбум, Эрэл ХХК 99.5 тэрбум, МАК цемент ХХК 166.5 тэрбум, Бэрэн групп ХХК 102.4 тэрбум төгрөг.
  • Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн, зээлдэгчид давуу байдал олгож банкинд онц их хэмжээний хохирол учруулсан, гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр банкыг хохироосон, төсөл, хөтөлбөрийг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон байна.

2015-2016 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН УДИРДЛАГУУДЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Мөн 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк алдагдал хүлээсэн тул тухайн үеийн банкны удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Хөгжлийн банкнаас анх удаа Засгийн газрын баталгаагүй Сүбээдэй бонд гаргахаар төлөвлөж тус бондыг гаргахад зориулж 2015 онд 2.6 тэрбум төгрөг, 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргасан боловч бонд гаргалт амжилтгүй болсон. Тиймээс дээрх хэмжээний алдагдал хүлээсэн байна.

Мөн Засгийн газрын ОХУ-ын ВТБ банктай 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан 300 сая америк долларын зээлийн шугамын гэрээний дагуу хүлээн авсан 65.4 сая америк долларын эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас буцаан татагдсан. Өөрөөр хэлбэл эх үүсвэрийн өртөг, үйл ажиллагаа болон бусад бодит эрсдэлийг дутуу тооцоолсноос Хөгжлийн банк тус эх үүсвэрт 6.2 сая америк доллар буюу 15.4 тэрбум төгрөгийн үр ашиггүй зардал гаргасан байна.

Засгийн газрын 2015 оны 236 дугаар тогтоолын дагуу БНХАУ-ын Экспорт-Импорт банктай 2016 оны долдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 109.6 сая америк долларын зээлийн даатгалын зөвшөөрлийн улмаас зээлийн ерөнхий гэрээг цуцалж болзошгүй эрсдэл үүссэн. Өөрөөр хэлбэл тус эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөлд үүссэн хүндрэл болон Хөгжлийн банкны тооцоо судалгаа хангалттай хийгдээгүйгээс хамгийн багадаа 5.4 сая америк долларын үр ашиггүй зардал гарсан гэжээ.

ЗЭЭЛИЙН ДООД ХЯЗГААР 20 ТЭРБУМ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

Тиймээс гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд захирлаар Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинд санал тавьсны дагуу энэхүү албан тушаалд ажиллахаар болсон байна. Сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд Засгийн газраас санал тавьсан байна. Түүнд санал тавих болсон шалтгаан нь олон улсын түвшинд харилцах чадвартайн дээр мэргэжлийн хувьд ч өндрөөр үнэлэгдэж, улс төрийн нөлөөгүй нэгэн хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодотгож байв.

Мөн Хөгжлийн банк олон улсын жишгээр бус арилжааны банктай өрсөлдөж, бодлогын түвшинд бүтээн байгуулалтад зээл олгохгүй байгааг шийдвэрлэх зорилгоор зээлийн босгыг 20 тэрбум ба түүнээс дээш байх нь зүйтэй гэж үзсэн байна. Арилжааны банкны санхүүжүүлэх боломжтой жижиг зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, хуульд заасанчлан томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байх юм.

Олон улсын сайн жишгийг судлан, нэвтрүүлж үйл ажиллагааг сайжруулах урт хугацаандаа гаднын чадавхитай эксперт баг бүрдүүлэн ажиллах шаардлагатай байгааг ажлын хэсэг тодотголоо.

Шинэ мэдээ