Эрдсийн экспорт эхний улиралд өслөө

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨССӨН Ч ТӨЛӨВЛӨСӨН ОРЛОГОО ОЛОХ ЭСЭХ НЬ ӨНӨӨ ХЭР АСУУЛТЫН ТЭМДЭГ ХЭВЭЭР БАЙНА

Монголын эдийн засгийн өсөлтийн суурь болдог уул уурхайн экспорт энэ оны эхний улиралд ялимгүй өслөө. Монголын эдийн засгийг уул уурхайн хэд хэдэн төрлийн түүхий эд тэжээдэг. Эдгээр эрдсээс нүүрс болон зэсийн экспорт нийт орлогын гол орцыг бүрдүүлдэг билээ. Тэгвэл Монгол Улсын нийт экспортын орлогын ойролцоогоор 25 хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний нийлүүлэлт энэ оны эхний гурван сард 15 хувиар өсөж, 7.8 сая тоннд хүрсэн байна. Ингэснээр нүүрснээс бид 644 сая ам.доллар олоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 130 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын түүхий эдийн нийлүүлэлтийн гол хаалга болох Гашуунсухайт-Ганцмод боомтын экспорт тасалдаж, нүүрсний гарц огцом буурсан.

Харин энэ оны эхний улиралд нүүрсний нийлүүлэлт хэвийн тогтвортой үргэлжилж байгаа аж. Гэхдээ “Бадарчин баярлах болоогүй”. Хэдийгээр оны эхний улирлуудад нүүрсний экспорт өсдөг ч жилийн сүүл саруудад БНХАУ-ын татан авалт саарч, хил гаалийн хяналт чангарснаар нийлүүлэлт багасдаг нийтлэг дүр зураг сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. 2018 онд ч ийм үйл явдал болж, нүүрсний экспорт буурсан юм. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас манай нүүрсний экспорт огцом буурч, арванхоёрдугаар сард бараг зогсох дөхсөн билээ.

Монгол Улс өнгөрсөн улиралд зэсийн баяжмалаа 100 хувь өмнөд хөршид нийлүүлжээ.

Өөрөөр хэлбэл, эхний саруудын өсөлт жилийн сүүлийн улиралд хөөс болсон нь энэ. Монгол Улс төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олохоор төлөвлөсөн. Хэдийгээр нүүрсний экспорт өсөж байгаа ч энэ онд төлөвлөсөн нэг их наяд төгрөгөө олох эсэх нь өнөө хэр асуултын тэмдэг хэвээр байна.

Тэгвэл нүүрстэй дүйх орлогыг Монголын эдийн засагт авчирдаг зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр долоон хувиар өсөж, 361.4 мянган тоннд хүрчээ. Харин мөнгөн дүнгээр есөн хувиар өсөж, хагас тэрбум ам.долларыг манай улс улбар шар түүхий эдээс олсон байх юм.

Манай зэсийн баяжмалын гол экспортлогч “Оюутолгой” компани гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтыг ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөж буйгаа хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” мэдээлсэн. Тус компани экспортын зах зээлээ төрөлжүүлэхээр Япон руу зэсийн баяжмал туршилтаар экспортолсон ч тээвэр, логистикийн бэрхшээл учирч буйг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолсон байна. Монгол Улс өнгөрсөн улиралд зэсийн баяжмалаа 100 хувь өмнөд хөршид нийлүүлжээ.

Зэс, нүүрснээс гадна чамлахааргүй орлого авчирч, улсын эдийн засагт дэм болдог бусад төрлийн түүхий эдийн экспорт мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, төмрийн хүдрийн экспортын орлого 66 хувиар өсөж, 106.5 сая ам.доллар гэж үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс гадна жоншны экспортын орлого 62 хувиар өсөж, 40.5 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн улиралд манай улс 110.6 мянган тонн жонш экспортолжээ. Жоншны экспортын 69 хувь БНХАУ, 30 хувь нь ОХУ-ыг чиглэсэн байна. Харин ердөө нэг хувийг БНСУ-д нийлүүлжээ.

Засгийн газар хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Геологи хайгуулын судалгаа нь олборлолтоосоо хоцрох болсон энэ салбарын жоншны нөөцийг нэгтгэн тогтоох, нөөцийн татварыг шинэчлэх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна.

Тэгвэл цайрын экспортын орлого мөнгөн дүнгээр дөрвөн хувиар өсөж, 62.6 сая ам.доллар болжээ. Лондоны металлын биржид цайрын ханш энэ он гарсаар эргэн сэргэж, 19 хувиар өсөөд байна. Нэг тонн цайрын фьючерс ханш 2928 ам.доллар болжээ. Одоогоор цайрын экспортын 75 орчим хувийг “Цайрт минерал”, үлдсэнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “шин шин” компани экспортолж байна.

Эх сурвалж: gogo.mn