Т.Ганболд: "Хөгжлийн банк эрх баригчдын нөлөөн дор ажилладаг

“Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас 2017 онд гаргасан. Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн санхүүжигчээр Хөгжлийн банк ажиллаж байна.

Тус банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр өнгөрсөн хоёр жилд нийт хэчнээн ААН-д зээл олгосноо танилцуулав.

Тус банк Сангийн яамнаас хуваарилсан эх үүсвэрийг алт олборлогчдод эргэлтийн болон тоног төхөөрөмж худалдан авах зээл олгосон юм. Мөн эдгээр компани олборлосон алтаа Монголбанканд тушааж, зээлээ хугацаанд нь төлсөн бол хүүгийн хөнгөлөлт олгожээ. Хөгжлийн банкны нөхцөл, шаардлагыг хангасан нэг ААН-д удахгүй 16 тэрбум төгрөгийн зээл олгох юм байна. Тус банкны зээл арилжааны банкны зээлээс ялгаатай. Бүх төслөөс ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, зураг төсөл шаарддаг. Ингэхдээ эрх бүхий байгууллагуудаар батлуулсан байна

  1. 2017онд 10 ААН-д 31.9 тэрбум төгрөг,
  2. 2018 онд 3 ААН-д 21.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Эдгээр ААН

  • 2017 онд 158 кг,
  • 2018 онд 630 кг алтыг тус тус Төв банканд тушааж, улсад нөөц ашигласны татварт 3.3 тэрбум төгрөг төлж, 1300 хүнийг ажлын байраар хангасан байна.

Сайны хажуугаар саар гэгчээр эдийн засгийн үр ашиггүй төсөлд зээл авсан, зээлээ хугацаанд нь төлөөгүй, мэдээллээ нуун, бодит байдлыг гуйвуулсан, хууран мэхэлсэн ААН-үүд байжээ. Иймд тэдний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алтны компаниудад санхүүжилт олгоход хэд хэдэн хүндрэл гарсан байна. Тухайлбал уулын ажлын төлөвлөгөөгүй аж ахуйн нэгж санхүүжилт авах хүсэлт гаргажээ. Өмнөх зээлээ төлөх  зорилготой эсвэл яг юунд  зээлээ зарцуулах нь тодорхойгүй саналууд ч ирүүлдэг аж. Мөн уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ батлуулаагүй, хугацаа нь дууссан, батлуулсан ч бодит байдалд хэрэгжилт нь зөрсөн асуудлууд үүсжээ.     

Эдийн засгийн үр ашиггүй төсөлд зээл авсан, зээлээ хугацаанд нь төлөөгүй, мэдээллээ нуун, бодит байдлыг гуйвуулсан, хууран мэхэлсэн ААН-үүд байжээ. 

Алт ялгах технологио буруу сонгосон, технологийн тохиргоо, горим зөрсөн, барилга байгууламжийн зураг төслөө батлуулаагүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа буруу тооцоолсон дутагдал ч алт олборлогчдод нийтлэг байсан гэв. Иймд цаашдаа аж ахуйн нэгжүүд санхүүгийн сахилга батаа сайжруулан, аль болох олон санхүүжилтийн эх үүсвэртэй байх ёстойг сануулав.

Хөгжлийн банк тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ мөн үзүүлдэг. Нийт 50 тэрбум төгрөгийн лизингийн үйлчилгээ үзүүлжээ. Үүнтэй холбоотой хүндрэлүүд мөн гарсан байна. Тоног төхөөрөмжөө хоцорч хүлээн авах, тээвэрлэх, угсрах хугацаагаа буруу тооцоолсон тохиолдол гарчээ.

Зарим аж ахуйн нэгж орон нутгийн захиргааны байгууллагатай Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүйгээс зээл авч чадаагүй байна.

Сангийн яамнаас тус банканд олгосон, богино эх үүсвэртэй зээлийн эргэн төлөлт хангалтгүй байсан тул цаашид компаниудын мөнгөн урсгалтай нь уялдуулан дор хаяж 2 жилийн хугацаатай зээл олгох болсноо дуулгав. Мөн Хөгжлийн банк энэ салбарын бизнесийн мөчлөгт нь тааруулан зээл олгож чадаагүй гэдгээ учирласан юм. Ирэх оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд санхүүжилт олгосон байх аж.

Зарим ААН ирээдүйд олох орлогоо барьцаалахыг хүсдэг ч тус банк барьцаа хөрөнгө заавал байршуулахыг шаарддаг. Учир нь энэ салбар ихээхэн эрсдэлтэй гэв. Харин Алт үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Ганболд "Хөгжлийн банк эрх баригчдын нөлөөн дор ажилладаг. Танилгүй бол энэ банкнаас зээл авах боломжгүй. УИХ-ын гишүүдийн компаниуд л зээл авдаг" гэсэн юм.     

Шинэ мэдээ