Импорт дунджаар 40 хувиар өссөн 2018 онд гадаад худалдааны ашиг 1.1 тэрбум ам.доллар болж буурав

2018 оны 12 дугаар сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 12.8 тэрбум ам.доллар хүрч, өмнөх жилийн гүйцэтгэлээс 22.3 хувиар өссөн гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ хугацаанд экспорт 13.1 хувиар өссөн бол импорт илүү хурдацтай буюу 35.5 хувиар өссөн байна. Импортын хурдтай өсөлт гадаад худалдааны тэнцлийн ашиг 1.1 тэрбум ам.доллар болж буурахад нөлөөллөө. 2017 оны мөн үед 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан худалдааны тэнцэл 2018 онд 1.1 тэрбум ам.доллар болж буураад байгаа юм. 2018 оны хувьд нүүрсний экспорт 11 дүгээр сарын байдлаар өмнөх жилийн эцсийн гүйцэтгэлээ давжээ. Харин 2019 онд Засгийн газраас 42 сая тонн нүүрс экспортлох зорилго тавиад байна. Энэ хүрээнд хийх гаалийн шинэчлэлийн үр дүнд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор гарах автомашины тоо одоогийнхоос хоёр дахин өсөж, өдөрт 2000 давах боломжтой гэж Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм.

Нөгөө талаас импорт оны эхнээс 40 орчим хувиар өсжээ. Импортын дийлэнхийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн орц эзэлж байгаа гэж Төв банк мэдээллээ. Монголбанк өсөн нэмэгдэж буй импортыг хязгаарлах, валютын ханшийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор макро зохистой бодлогын шийдвэрүүд гаргаж, 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм.

Үүнээс гадна "Монгол Улсад гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг хэрэгтэй" гэж эдийн засагч Н.Энхбаяр онцолж байв.

Мөн гадаад худалдааны бараа эргэлтийн өсөлтийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Одоо ч байдал эмзэгдүү байгаа. Гэхдээ бид улс үндэстний хувьд багийн зарчмаар гадаад бодлогынхоо тавцанд ажиллаж чадсан тул дээрх үр дүнд хүрсэн" гэж мэдэгдэж байсан юм.

Шинэ мэдээ