Тариаланчдаас улаан буудайг 520-600 мянган төгрөгөөр худалдан авна

Дотооддоо нарийн ногоо тариалах ажлыг дэмжих зорилгоор дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн цахилгаан, дулааны шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөнгөлөлтөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой юм байна. Үүнээс гадна дотоодын ургацын буудайг худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт даалгалаа. Мөн импортын буудай, гурилын квот олгох шаардлагатай тохиолдолд эхний ээлжид дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт хийх арга хэмжээг авч ажиллуулахаар болжээ. "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" зээлийн төлбөрт хүлээн авах улаан буудайг зэрэглэлээс хамаарч тариаланчдаас 520-600 мянган төгрөгөөр худалдаж авах болсон байна. Зээлийн төлбөрт суутган тооцох учраас гурилын үнэд өөрчлөлт орохгүй гэж мэдээллээ.