2018 онд Засгийн газар, Монголбанктай хамтран 312 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлнэ

Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрч, 93 мянга гаруй хүн зээлд хамрагдаад байна. Монголбанк, Засгийн газраас ипотекийн хөтөлбөрийг хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд Монголбанкны мэдээлснээр тавдугаар сард 700 орчим зээлдэгч ипотекийн зээлд хамрагджээ. Өөрөөр хэлбэл ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газраас 436 зээлд 30.15 тэрбум төгрөг, Монголбанкнаас 248 зээлд 16.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон байна. Харин 2018 оны хувьд Монголбанк 192 тэрбум төгрөг, Засгийн газар 120 тэрбум төгрөг, нийт 312 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ипотекийн санхүүжилт буурсан ч ойрын гурван жилд 35-40 мянган өрхөд орон сууцны эрэлт байна. Үүнээс 41-60 м.кв орон сууцны эрэлт хамгийн өндөр байх тооцоо гарсан талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.

Монголбанкнаас ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа бол Засгийн газар жил бүрийн төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт суулгаж байгаа юм. Цаашид ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх төлөвлөгөөг есдүгээр сарын 30 гэхэд боловсруулж дуусах товтой байгааг Сангийн яам мэдээллээ. 2016 онд нийт борлуулсан орон сууцны 60-аас дээш хувийг ипотекийн зээлээр санхүүжүүлсэн бол 2017 онд борлуулсан орон сууцны 44 хувийг ипотекийн зээлээр санхүүжүүлжээ.

Үүнээс гадна дэлхийн 103 орны дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх ипотекийн зээлийн дундаж хэмжээ 2015 онд 25.1 хувь байсан бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 2017 оны эцсийн байдлаар 15.7 хувь байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх ипотекийн зээлийн хэмжээ дэлхийн дунджаас бага байгаа нь цаашид орон сууцны зээлийн хэмжээ тэлэх боломжтойг харуулж байгаа юм.

Ипотекийн зах зээл цаашид өсөх боломжтой ба учир нь Монголын ипотекийн корпорацийн худалдан авсан зээлийн багцын үндсэн зээлдэгчдийг насны бүтцээр нь авч үзвэл 30-34 насныхан хамгийн их хувийг эзэлдэг нь урьдчилгаа төлбөр хуримтлуулах болон зээл эргэн төлөх санхүүгийн чадамж үүсэх хугацаатай холбоотой юм. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 25-29 насны бүтцэд хамгийн их хувийг эзэлж байгаагаас гадна 216 мянган өрх гэр хороололд амьдарч байгаа тул ирэх таван жилд орон сууцны зээлийн эрэлт өснө гэж үзэх боломжтой юм.

Шинэ мэдээ