Мөнгөний хадгаламж өсч, валютын хадгаламж буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт 2018 оны тавдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар өсөж, 17 их наяд төгрөгт хүрээд байна. Мөнгөний нийлүүлэлт 30 гаруй хувиар өссөн нь эдийн засгийг дэмжихэд хангалттай хэмжээний өсөлт гэдгийг Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир онцолж байгаа юм. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 801.6 тэрбум төгрөгөөр өсөхөд валютын харилцах 347.6 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 310.8 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 205.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн ханш тогтвортой байгаа энэ үед валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж өсөж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, 2017 оны эцэст иргэдийн төгрөгийн хадгаламж 7.1 их наяд төгрөг байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 7.7 их наяд төгрөг болж өссөн байна. Харин иргэдийн валютын хадгаламж 2017 оны эцэст 1.9 их наяд төгрөгтэй тэнцэж байсан бол 2018 оны дөрөвдүгээр сард 1.8 их наяд төгрөг болж буурчээ. Санхүүгийн долларжилтыг бууруулах нь Монголбанкнаас боловсруулсан зээлийн хүүг бууруулах стратегийн нэг үндсэн зорилт юм.

Шинэ мэдээ