Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт 2017.02.20-ны өдөр болж өнгөрлөө.

Улаанбаатар хотын Худалдааны Танхим, НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт 2017.02.20-ны өдөр болж өнгөрлөө.

Энэхүү бизнес уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд УИХ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, гадаадын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгч зэрэг 900 гаруй төлөөлөгч оролцлоо.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтаар Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал, инноваци, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалт зэрэг олон асуудлыг хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, үр дүнд хүрч байгааг онцолсон юм.  

Нийслэлийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, бие даан хөгжих гарц болох төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хөгжлийн томоохон төслүүдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгчдэд өөрсдөө санаачлан танилцуулдаг шинэлэг арга барилаар ажиллах юм байна. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 69,6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөг буюу нийт 677,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ хөрөнгө оруулалтыг хот байгуулалт, авто зам, нийтийн тээврийн салбар, нийгмийн салбар, хот тохижилтын салбар, байгаль орчны салбар, төрийн үйлчилгээг сайжруулахад 4,8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах талаар хотын удирдлагууд танилцууллаа.

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад оролцож буй Азийн хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Арнау Хекман “Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран дэд бүтцийн салбараас гадна нийгмийн, эрчим хүч болон эрүүл мэндийн чиглэлээр хоттой хамтран ажиллаж байгаа. Өөрөө хэлбэл, эмнэлэг, шинэ эрүүл мэндийн төв барихаар хамтран ажиллаж байгаа. Түүнээс гадна хурдан замын автобус төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хоттой аль болох өргөн хүрээтэй хамтран ажиллахыг хичээж байгаа. Нийслэлтэй хамтарч дэд бүтцийн салбарт Азийн хөгжлийн банкнаас 320 сая ам.доллар, Европын сэргээн босголтын банкнаас 50 сая ам.доллар, үлдсэнийг нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй” гэдгийг онцоллоо.

 

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад нийслэлийн газар, агентлагийн удирдлагууд 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан. Тухайлбал, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн зүгээс нийслэлийн хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох чиглэлд ямар арга хэмжээ авах талаар танилцуулсан бол инноваци, шинэ технологид суурилсан үйлдвэрлэл технологийн пар барих асуудлаар Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ илтгэл тавьсан юм. Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар 2016 оны наймдугаар сард шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байгаа бөгөөд Багануур, Эмээлтэд барих технологийн паркуудыг шинээр барихаар төлөвлөжээ.