I улиралд эдийн засаг 6-7 хувиар өссөн гэж шинжээчид таамаглаж байна

2019 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 6-7 хувиар өссөн гэх хүлээлт “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн шинжээчдийн дунд давамгайлж байна.

Мөн бүтэн жилийн дүнгээр энэ онд эдийн засаг дунджаар 6.8 орчим хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь Азийн хөгжлийн банк, Монголбанкны таамагтай ойролцоо дүн болж байна. Монголбанк 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.9 хувь гэж таамагласан бол Азийн хөгжлийн банк 6.7 хувь, Дэлхийн банк 7.2 хувиар өснө гэсэн тооцооллыг танилцуулаад байгаа юм.

Эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол хүчин зүйлсийн тухайд эрдэс бүтээгдэхүүнтэй холбоотой гэсэн хариултыг 90 орчим хувь нь өгчээ. Тухайлбал, эрдэс бүтээгдэхүүний үнэ өндөр байх, экспорт, бүтээгдэхүүний цэвэр татвар, төсвийн хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг нь дотоодын эдийн засгийг дэмжинэ гэж үзсэн байна.

Энэ онд Засгийн газар нүүрс, зэсийн экспортыг өмнөх оноос өснө гэж тооцоолж байгаа юм. Ингэснээр төсөвт гурван их наяд гаруй төгрөгийн орлого уул уурхайгаас бүрдэнэ гэж тооцоолжээ. Нөгөө талаас төсвийн хөрөнгө оруулалтыг өмнөх оноос хоёр дахин өсгөж, 1.6 их наяд орчим төгрөгт хүргэсэн байна. Энэ нь дотоодын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх ч нөгөө талаас инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.