"Discover Mongolia" олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж байна

 

 

 

 

 

 

 

 

 

“Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж буй юм.

discover

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН 10 ГАРУЙ ТӨСЛИЙГ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДНЭ

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг уг арга хэмжээнд хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарын төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж гарц  шийдэл хайдаг билээ. Чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудаар Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан санал бодлоо солилцож, ойлголтын зөрүүгээ арилгахад урьдчилсан хэлэлцүүлгүүдийн зорилго оршиж байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж "Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь" сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр  “Монгол улс 2018 оны эхний 7 сарын байдлаар 26,3 сая тонн нүүрс 764,4 мянган тонн зэсийн баяжмал 9,2 тонн алт, 3,1 мянган тонн молибединий баяжмал 7,1 сая тонн төмрийн баяжмал тус тус олборлосон. Уул уурхайн салбарт ойрын хугацаанд хийгдсэн болон хийгдэх зүйлсээс дурдвал УИХ-аас Таван толгойн ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх 73-р тогтоол гарсан ба улс төрийн намууд үүн дээр бүрэн санал нийлсэн.

Мөн Эрдэнэс Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаалахаар болсон. Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг авто зам, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж гэх мэт уул уурхайн дэд бүтцийн хөгжилд зарцуулна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг өргөжүүлэх уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ нягт ажиллана. Бидний өмнө бизнесийн асар их боломж бий.

"Эрдэнэс Тавантолгой"-н IPO үр дүнд босгосон хөрөнгөөр нийт 5 тэрбум ам.долларын 10 гаруй төслийг санхүүжилтийг шийдэж, Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах төлөвтэй байна” гэсэн юм.

discover

Б.БЯМБАСАЙХАН: БИД ЗҮҮН ХОЙТ АЗИЙН УУЛ УУРХАЙН ТӨВ БОЛОХ АЛХМУУДАА ИДЭВХЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Өнөөдрийн "Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай"  хуралдааныг Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан даргалж буй юм.

Тэрээр “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн чухал тулгуур болдог. Энэ салбарт  тодорхой бизнесүүд идэвхтэй явж байгаа. Одоо хүрээгээ тэлэх нь чухал асуудал болж байна. Бидний хамтдаа зорих гол зүйл нь, Зүүн хойт Азийн уул уурхайн төв болох алхмуудыг идэвхжүүлэх явдал юм. Үүний тулд бид дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг зөв шийдэж, төслүүдээ зөв явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлого зөв хэрэгжиж эхэлнэ. Мөн хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээр хангаж байж, бизнес ажиллагаа өргөжнө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бодлогоо тодорхой ярьж танилцууллаа.Илтгэлдээ хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн зүгээс хамгийн их хүсдэг тогтвортой байдлыг бий болгож, олон улсын зөв жишгийн дагуу ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Гол нь төрийн бодлого ойлгомжтой, тууштай байх ёстой. Буруу бизнесийн үйл ажиллагаа болон олон улсын стандартын дагуу явж байгаа бизнесүүдээ хооронд нь ялгаж салгах нь их чухал. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа байгаа том бизнесүүд хуулиа харьцангуй мөрдөж, стандартаа дагадаг.

Манай зах зээл гэж яг юу юм. Зах зээлдээ хэрхэн ойртох вэ тал дээр бид маш сайн ярилцана. Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сэргэсэн. Тиймээс энэ удаагийн  чуулга уулзалтын хүрээ ч харьцангуй тэллээ. Нийтдээ 800 орчим оролцогчид зохион байгуулагдаж байна. Гаднаас 200-300 төлөөлөгч ирсэн. Энэ нь манай уул уурхайн салбарт тодорхой сорилтууд байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид сонирхож байгааг илтгэсэн тоон үзүүлэлт юм” гэв.

“Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Шангрила зочид буудалд үргэлжлэн явагдаж байна.