“Amazon” компани Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

АНУ-ын “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос Энэтхэгийн жижиг, дунд бизнесийг дижиталчлах зорилгоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Энэ талаар Шинэ Дели хотноо болсон “Amazon” компанийн арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр, “Бид 2025 он гэхэд 10 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгт экспортлохыг зорьж байна. 21 дүгээр зуун Энэтхэгийн зуун байх болно” хэмээн ярьжээ. Үргэлжлүүлэн АНУ, Энэтхэг улсууд энэ зууны хамгийн чухал холбоотнууд болохыг онцолсон байна.

Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгт очсон Жефф Безосыг эсэргүүцэн олон мянган жижиг, дунд бизнес эрхлэгчид 300 орчим хотод жагсжээ. Учир нь “Amazon” компани хэрэглэгчдэд хямдарсан бүтээгдэхүүнүүдийг санал болгох замаар жижиглэн худалдааны зах зээлд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж. Жагсагчид “Жефф Безос нутаг руу буц” гэх зэрэг уриа лоозон барьжээ.

Энэтхэг нь “Amazon” компанийн хувьд чухал зах зээлд тооцогддог. "Walmart"-ийн эзэмшдэг интернет худалдааны “Flipkart” онлайн дэлгүүр тус улсын зах зээлийн 31.9 хувийг эзэлдэг бол "Amazon” 31.2 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Business insider