COVID19: Нийт 149 хүн халдваргүй болох нь тогтоогдлоо

Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй ойр харьцсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. 

 

Өнөөдөр 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 146 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдлоо. Эдгээр хүнд 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийнэ. Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан Их Британийн иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлжээ. Хариу нь маргааш гарна. Тус иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.