2018 онд хөрөнгийн бирж түүхэн дээд амжилт үзүүлжээ

Эдийн засаг зургаагаас дээш хувиар өссөн 2018 онд Монголын Хөрөнгийн бирж түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 210 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийсэн байна. 2018 онд дөрвөн компани IPO гаргаж, нэг компани нэмж хувьцаа гаргахаас гадна “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүллээ. Эдгээр зургаан компани дотоодын хөрөнгийн захаас нийт 30 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа нийт хувьцааны арилжааны 15 орчим хувийг бүрдүүлсэн байна. Шинэ компаниудын анхдагч зах зээлийн арилжаа хувьцааны арилжааг нэмэгдүүлэхэд том дэмжлэг болсон ч хоёрдогч зах зээлд ч идэвх нь өндөр байв.

 

Үүнээс гадна зах зээлийн үнэлгээ өндөр, томоохон хувьцаат компаниудын арилжаа 2018 онд идэвхтэй байлаа. Тухайлбал, “АПУ” компани 2018 оны турш арилжааны идэвхээр тэргүүлж ирсэн байна. Мөн “Говь” компани нэгж хувьцааг 100 хуваахтай холбоотойгоор хувьцаа нь их хэмжээгээр арилжжээ. Харин 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа зогссон юм. Улмаар 2018 онд Засгийн газрын үнэт цаасны арилжааны хэмжээ эрс буурсан байна. Мөн “Сүү” компани 2018 оны зургаадугараа сард бондын эргэн төлөлтөө хийснээс хойш тус компанийн бондын арилжаа хийгдээгүй юм.