“TWITTER”-ийн борлуулалтын орлого өсөж, 1.01 тэрбум ам доллар хүрэв

“Twitter” компанийн борлуулалтын орлого IV улиралд жилийн өмнөхөөс 11 хувиар өсөж, 1.01 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Түүнчлэн өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг хүний нь тоо IV улиралд долоон саяар буюу 21 хувиар өсөж, 152 сая болсон нь онцлох үзүүлэлт болж байгаа аж. Хөгжүүлэлтээ сайжруулж, контентоо хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад илүү нийцүүлсэн нь энэхүү эерэг өөрчлөлтөд нөлөөлсөн гэж “Twitter” мэдэгдэлдээ дурджээ. Гол 10 зах зээлд хэрэглэгчдийн тоо бүгд хоёр оронтой тоогоор өсжээ. “Twitter” нь хэрэглэгчдийн интеракцыг сайжруулах арга хэмжээ авч, сонирхож буй сэдэвтэйгээ холбоотой постуудыг олж уншихад илүү дөхөм болгож байгаа юм байна.

Тайлангаа танилцуулсны дараа “Twitter”-ийн хувьцааны ханш нь 15 хувиар өссөн нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн огцом өсөлтөд тооцогдож байна. Ийнхүү сүүлийн 12 сард хувьцаа нь 11 хувиар өсжээ.